МУИС ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөө танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-27 14:01:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр зарлаж буйгаа өнөөдөр танилцууллаа. Энэ талаар тус сургуулийн Ойн судлалын хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний сургуулийн захирал, профессор Н.Баатарбилэгээс тодруулав. Тэрбээр ойн салбарт ойрын хугацаанд 7 мянган мэргэжлийн ажилчин, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгааг хэлэв.

-Өнөөдрийн байдлаар ойн чиглэлээр хэчнээн мэргэжилтэн бэлтгэж байна вэ?

-Манай сургууль жилд 20 мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Элсэлтийн хувьд жилдээ 10 хүрэхгүй хүүхэд энэ мэргэжлийг сонгон суралцдаг. Салбарын хэмжээнд мэргэжилтэн дутагдалтай байна. Дээр нь “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд хэрэгтэй болж ирсэн. Жишээ нь, өнөөдөр хэрэгтэй байгаа 7 мянган мэргэжилтний 1200 нь дээд боловсролтой инженерүүд байх шаардлага үүсээд байгаа. Тиймээс бид дутагдаж буй мэргэжилтнүүдийг нөхөх үүднээс ойн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг зарлан оюутан залуучуудад санал болгож байна. Бусдаар өнөөдрийн мэргэжилтэн бэлдэж буй байдлаар явах юм бол 1200 инженерийг 10 жилийн дараа л гаргана. Гэтэл “Тэрбум мод” хөдөлгөөн 9 жилийн дотор хэрэгжинэ. Хугацаа гүйцэхгүй. Одоогийн байдлаар манай сургуулийн Ойн судлалын хөтөлбөрт 50 гаруй оюутан бакалаврын түвшинд, 60 гаруй оюутан ахисан түвшинд суралцаж байна. Энэ 60 нь бусад их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцсан оюутнууд юм.




-7 мянган мэргэжилтэн шаардлагатай гэсэн тоог юунд үндэслэн ямар байдлаар гаргаж байна вэ?

-Энэ нь “Тэрбум мод” хөдөлгөөнтэй шууд холбоотой. Уг хөдөлгөөнийг газар дээр нь хэрэгжүүлэх буюу их хэмжээний мод тарьж ургуулахад ийм тооны хүн ажиллах шаардлагатай байна гэсэн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан юм. Ер нь манай ойн чиглэлээр бэлтгэгдэн гарч буй мэргэжилтний 85 хувь нь ажлын байраар хангагддаг.

-Хөтөлбөрт ямар хүмүүсийг хамруулах вэ. Суралцахад ямар шаардлага тавьж байгаа вэ? Онцлог нь юу байна?

-Энд бакалаврын зэрэгтэй байх ёстой. Ийм иргэнийг хоёрдох бакалаврын зэрэгтэй болж дахин өөр мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх юм. Хувийн хэвшлийн болон улсын бүх сургуульд өмнө нь ямар ч мэргэжлээр суралцаж байснаас үл хамааран бакалаврын зэрэгтэй болсон иргэдийг МУИС-ийн ойн хөтөлбөрт сургах боломжийг нээж өгч байгаа юм.

Хөтөлбөрөөр 2 жил сургаж мэргэжлийн хичээлүүд үзэн төгсгөнө. Энд суралцах иргэдээс ЭЕШ авахгүй (өмнө нь бакалавраар суралцсан учир), зөвхөн өмнө нь бакалаврын зэрэг эзэмшсэнээ батлах шаардлагатай. Ингэснээр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд жилдээ 100 хүртэл мэргэжилтэнг төгсгөн гарах боломжтойг хэлж байна.



Ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт суралцагч нарыг ерөнхий суурь хичээлтэй дүйцүүлж энэ талын сургалтаас чөлөөлж, зөвхөн мэргэжлийн хичээл үзэн богино хугацаанд дахин мэргэжил эзэмшиж төгсөх боломжийг олгож байна. Мөн ажлын байр хангалтай зэрэг онцлогтойг тодотгож байна. Ойн чиглэлээр суралцаж хөтөлбөрт хамрагдах иргэд ирэх сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд МУИС-д бүртгүүлэх шаардлагатайг тодотголоо.

 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ