НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамтарсан төслийн сайн туршлагыг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-21 11:32:20

Завхан /МОНЦАМЭ/. Малчдыг байгалийн гамшиг ба бусад цочролыг даван туулахдаа хөрвөх чадвартайгаар амьжиргаагаа дээшлүүлэх боломжтойг харуулсан бодит үр дүн бүхий үзэсгэлэн худалдаа боллоо.

Энэхүү үзэсгэлэн худалдааг Улиастай хотод энэ сарын 14, 15-нд болсон малчин, мал аж ахуйн мэргэжилтний нэгдсэн зөвлөгөөний үеэр дэлгэв. Энд, үнэгүйдээд буй арьс ширийг боловсруулж сур, суран эдлэлийг шинэ технологи уламжлалт аргаар үйлдвэрлэсэн. Газар тариалан, ялангуяа өрхийн газар тариаланг хөгжүүлж нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалсан. Мал угаалгын ванн, эсгий ноосон эдлэл. Малын сүү цагаан идээг уламжлалт аргаар болон үйлдвэрийн аргаар боловсруулан нэр төрөл олон эко бүтээгдэхүүнүүдийг малчид өөрсдийн гараар үйлдвэрлэж буйгаа дэлгэсэн нь борлуулалт өндөр, хэрэглэгч, хамтран ажиллах түнш, хамтын ажиллагааг өргөжүүлсэн үйл ажиллагаа болов.

Зөөлөн оёдол, сур суран эдлэл, гүзээлгэнэ тариалах, мал угаалгын ванн, эсгий хийх, сүү, цагаан идээ боловсруулах малчдын бүлгүүдэд санхүүжилтийг бэлэн мөнгөөр биш. Харин шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр дамжуулан олгосон. Эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах, сургалтыг мөн малчдад өгсөн нь бүлгүүд төслөөс олгогдсон техник тоног төхөөрөмж, санхүүжилтийг оновчтой зарцуулах боломжийг бүрдүүлсэн. Цаашид НҮБ-аас хэрэгжүүлсэн энэ төслийг үргэлжлүүлэхийн тулд орон нутгийн санхүүжилтээр малчдын орлогыг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжин ажиллах. Мөн малчдын шинэ бүлгийн гишүүдийн мэдлэг чадварыг нэмэх ажлуудад орон нутаг илүү ажиллах шаардлагатайг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат хэлэв.


Тапан Мишра: Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулснаар 

ямар ч эрсдэлийг даван туулах боломжтой болох юм 

Малчдын зөвлөгөөний үеэр НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага хамтарч улсын хэмжээнд жишиг болохуйц, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрсдэлийг даван туулахад бэлтгэх зорилготой төслийн үр дүнгээ танилцууллаа.

Энэ төсөл нь хоёр жилийн хугацаатай хэрэгжсэн. “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Завхан аймгийн Тэс, Идэр, Их-Уул, Отгон, Дөрвөлжин гэсэн таван сумын малчдад гарааны бизнесээ эхлүүлэх төсвийг олгон, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллалаа. Монголын өв соёл болсон бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж буй малчдынхаа амьжиргааг дэмжих. Малчдын байгаль цаг уур, эдийн засгийн сорилтуудыг даван туулах боломж, гарц гаргалгааг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг төслийн санаачлагч НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцолж байв.


Тэрбээр: “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих, амьжиргааг нь баталгаатай болгоход туслах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь малчдын нийгмийн даатгалд хамрагдах хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ажилласны үр дүнд 16 хувьтай байсан малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг 21 хувьд хүргэжээ. Малчид нийгмийн даатгалд хамрагдсанаар эдийн засаг, ирээдүйгээ баталгаажуулж чадлаа, боломжоо ч нэмэгдүүллээ.

НҮБ-ын Хүн амын сангийнхан малчдын гарааны бизнесийг дэмжиж, малчдыг эдийн засгийн хувьд чадавхтай болгох чиглэлээр тэдэнтэй хамтарч ажиллажээ. Гарааны бизнесээ үйлдвэрлэл болгосон сайн туршлагуудыг үзэсгэлэнгээс харж байгаа байх. Ийнхүү малчид эдийн засгийн боломжтой болсноор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, малаа даатгуулах гээд нийгмийн хувьд илүү баталгаатай болж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сан ковидын үед, нэн эмзэг боломжгүй байгаа бүлгийн малчдын хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Мөн үүнийгээ өргөжүүлээд зорилтот аймгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгох гэж байна. Харин Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малчид гамшиг эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд зургаан чиглэлээр амжилттай ажиллажээ. Малчин хүн аливаа гамшиг хямралын эсрэг эдийн засгийн хувьд хямраад байхгүйгээр даван туулах чадвартай болохыг хүсэж байгаа юм.

Цаашид монголчууд бие даасан байдлаа илүү чадавхтай болгох. Халамжаас илүү ажил хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн хувьд бие даасан болохыг хүсэж байгаа юм. Энэ хөтөлбөр маань хоёр жил хэрэгжээд дуусах биш. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд илүү түгэн дэлгэрүүлэхийг зорьж байна. Завхан аймагт хэрэгжсэн энэ сайн туршлага, яг юун дээр илүү сайн байв. Яг юуг нь илүү сайжруулах вэ гэхчлэн туршилтын төслийнхөө сайн тал, үр дүнгээс харж 21 аймагт хэрэгжүүлэхийг зорьж байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бид яг ийм байдлаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Монгол хүн бүр хөгжлөөс хоцрохгүйгээр бүгд тогтвортой хөгжиж, хүртээмжтэй хөгжлийн үр шимийг хүртээсэй гэж хүсэж байна.

Мөн малчид уламжлалт аж ахуйгаа орчин үеийн шинэ технологитой уялдуулан, уламжлалт ёс заншлыг харуулсан бүтээгдэхүүнүүдээ гадаадын зах зээлд худалдаалах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний энэ санаачилгыг талархалтай хүлээн авч, хамтран ажилласан Завхан аймгийн удирдлагуудад баярлалаа. Цаашид энэ төслийг үргэлжлүүлэх. Бусад орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах нь бидний зорилго юм” гэж хэлэв.

"Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" хамтарсан төслийн хоёр жилийн хугацаанд нийт 14 малчдын бүлэг хоршоо бойжиж, сайн туршлагуудыг бодит үйлдвэрлэл болгожээ. 


Мал угаалгын ванныг малчид өөрсдийн гараар хийжээ

Малын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малын түүхий эд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор малынхаа эрүүл мэндийг хамгаалсан үйлчилгээг Завхан аймгийн Идэр сумын малчдын бүлэг үзүүлж байна.

Тэд “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь”  төслөөс  санхүүжилт авч, орон нутагтаа мал угаалгын ваннтай болсноор орон нутгийнхаа малчдад тусалж байна. Малыг шимэгчээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий бог малын угаалгын суурин ванныг орох хэсэг, үүдэвч хашаа, гүйдэг тавцан бүхий угаалгын ванн бүхий стандарт хангасан хэмжээнд хийжээ. “Гэгээн нутаг арвин сүрэг” компани нь хоёр малчин өрхөөс бүрддэг цомхон бүтэцтэй боловч орон нутгийн иргэдээс захиалга авч, Засгийн газраас баталсан үнэ ханшаар мал угаалгын үйлчилгээг үзүүлж байна. Тэд энэ үйлчилгээг үзүүлж эхлэхээс өмнө малчид шимэгчдээс хамгаалах тариа тарих, ариутгалын бодис шүрших зэргээр хувь хувьдаа арга хэмжээ авдаг байв. Энэ нь эдийн засгийн хувьд үнэ өртөг өндөр байдгаас малынхаа эрүүл мэндийг цаг тухайд нь хамгаалж чаддаггүй байж. Тиймээс тус бүлэг мал угаалгын ваннтай байх нь малчдын хувьд хамгийн чухал хэрэгцээ гэдгийг өөрсдийн санаачилсан төслийн үр дүнгээр харуулж буй нь энэ юм.


Малынхаа сүүгээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг

Арвижих бүлэг өдөрт дунджаар 100 литр сүүг уламжлалт аргаар боловсруулан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна.

Тэд 2020-2021 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн хамтарсан төслийн хүрээнд бизнесийн санхүүжилт авч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулан бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг нэмж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Анх 2009 онд Их-Уул сумын таван малчин өрхөөс бүрдсэн Арвижих бүлгийг үүсгэн байгуулж сүү цагаан идээ боловсруулан худалдаалж эхэлжээ.

Харин хамтарсан төслөөс санхүүжилт авснаар сүү цагаан идээг боловсруулах тоног төхөөрөмжтэй болсноор тэдний уламжлалт аргаар боловсруулдаг цагаан идээний нэр төрөл олон болж, цаг хугацааг хэмнэхээс гадна бүтээгдэхүүний чанар ч сайжирсан байна.

Түүнээс гадна бүлгийн малчид өөрсдийн малаас сүүгээ бэлтгэхээс гадна орон нутгийнхаа малчдаас сүүгээ худалдан авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь илүү амт чанартай байдаг гэж ярилаа. Мөн эрүүл ахуйн чанар хангасан, амт чанартай, өнгө зүс, хэлбэр хэмжээ сайтай сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй, гадны зочид, аялагчид, хорш зэргэлдээ сум, аймагтаа ч борлуулдаг сүлжээг бий болгожээ.


С.Жамганжав: Тоног төхөөрөмжтэй болсноор ажлын бүтээмж дээшилсэн

Дөрвөлжин сумын ахмад малчид уламжлалт технологийг орчин үеийн техниктэй хослуулан сур суран эдлэлийг үйлдвэрлэж болдог сайн туршлагыг нэвтрүүлээд байна. 

“Танд юугаар туслах вэ?” бүлэг нь дөрвөн ахмад малчин өрхийн гишүүдийн хамтын бүлэг юм. Тэд 2020-2021 онд “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” НҮБ-ын хамтарсан төслийн хүрээнд бизнесийн санхүүжилт авч сур, суран эдлэл боловсруулах тоног төхөөрөмжтэй болжээ. Тоног төхөөрөмжтэй болсноор малчдын гар аргаар буюу уламжлалт технологоор хийдэг байсан сур суран эдлэлийг хийх ажлын бүтээмж эрс нэмэгдэж, иргэдийн сэтгэлд нийцсэн суран эдлэлийг үйлдвэрлэх боломж бүрдсэн.

Сүүлийн үед малчид маань, ялангуяа залуу малчид малынхаа арьс ширийг уламжлалт аргаараа боловсруулж хэрэглэхээс илүү худалдан авдаг болжээ. Тиймээс манай ахмад малчдын бүлэг сумынхаа малчин өрхүүдийн суран эдлэлийн хэрэгцээг хангах, үхэр, адууны ширийг боловсруулан ахуйн хэрэглээндээ ашигладаг болгох. Сураар бэлэг дурсгалын зүйлс хийж орон нутаг, бусад аймаг, сумдын зах зээлд нийлүүлэх зорилгоор амжилттай ажиллаж байна. Бид малчдад аль болох хямд зардлаар үр дүнтэй үйлчилгээг үзүүлж, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорьдог. Манай сумын малчдаас захиалга тасардаггүй юм. Мал аж ахуйн салбарт ялангуяа малчдад уламжлалт аргаар боловсруулсан арьс ширээр хийсэн суран эдлэлийн хэрэгцээ байнга гардаг. Зарим үед захиалгаа гүйцэхгүй тохиолдол ч бий шүү.

-Танай бүлэг суран эдлэлээс гадна малын гаралтай бусад бүтээгдэхүүнийг малчдадаа нийлүүлдэг гэсэн?

-Тийм ээ. Манай бүлгийн малчин эмэгтэйчүүд гэхэд хонины ноос, үхэр, адууны хөөвөр, хялгасаар дээс томох. Тухайлбал, гэрийн бүс, бүслүүр, малын тоног хэрэгслийг уламжлалт аргаараа боловсруулан хийж худалдаанд гаргадаг. Харин эрэгтэй малчид маань арьс ширийг уламжлалт аргаараа боловсруулан малын тоног хэрэгслээс гадна, монгол гэрийн ханын үдээрийг гэхэд тэмээний ширээр хийж хэрэглэгчдэдээ нийлүүлдэг. Мөн малчдын ахуйн хэрэгцээний төмөр эдлэлийг ч хийж байгаа. Үүний зэрэгцээ залуу малчдадаа уламжлалт аргаар сур, суран эдлэлийг бэлдэж боловсруулах арга туршлагаасаа зааж өгдөг гэж Дөрвөлжин сумын ахмад малчдын “Танд юугаар туслах вэ?” бүлгийн ахлагч, малчин С.Жамганжав хэллээ.


Ийнхүү Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн дөрвөн байгууллагын хамтарсан төсөл хэрэгжсэн нь малчдад санхүүжилт олгож, техник тоног төхөөрөмжөөр ханган гарааны бизнесээ эхлүүлэх боломжийг олгосон. Түүгээр ч барахгүй малчид нэмэлт орлого олох, ажлаа хөнгөвчлөх, техник технологио сайжруулан уламжлалт бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг нээж өгсөн гэдгийг малчид онцолж байв. Гарааны бизнесийг нь дэмжсэнээр малчдын амьжиргааг дээшлүүлж чадсан. Бусад малчдад ч сэдэл өгсөн, илүү их санаачилгыг гаргах боломж, мэдлэгийг өгсөн сайн туршлагууд бий болсныг ч дуулгаж байв.


"Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөл зорилтот бүлэгт хэрхэн хүрч, тус аймагт хэрхэн нутагшиж, хэчнээн малчид, хүүхдүүд төслийн үр шимийг хүртсэн. Малчид өөрсдийн амьжиргааг дээшлүүлж, орон нутагтаа хэрхэн яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Малчдын нийгмийн асуудлыг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй, тэдний хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг хэрхэн үр дүнтэй үзүүлсэн гээд хамтарсан төслийн үр дүнг хэлэлцсэн хоёр өдрийн зөвлөгөөн үр дүнтэй болж дууслаа.




"Ковид-19" халдвараас үүдэлтэйгээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа энэ үед ганцхан хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарч буй. Энэ нь мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх замаар малчдын санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй болохыг харуулж байна. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулснаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хурдасгах. Аливаа эрсдэл гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид хамтарсан төслийн үр дүнгээс харж болно. Тиймээс цаашид орон нутгийн бодлогоор хүнсний тогтолцоо, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээнд шууд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулна.


Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран аливаа эрсдэлийг даван туулах чадвар,  малчдад малын “шилэн” сонголт,  тохируулан сонголт, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн талаарх мэдлэгийг нь бататган олгох. Үр дүнд нь илүү ашиг шимтэй, бүтээмж өндөртэй цөөн малаас чанартай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж малчдын орлогыг нэмэх. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгаль орчиндоо ээлтэй байх бодлогыг аймаг орон нутгаас үргэлжлүүлэн хийнэ гэдгийг Завхан аймгийн удирдлагууд хэллээ. 




Холбоотой мэдээ