Энэ оны БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг Цинхуа их сургууль тэргүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-20 14:56:31

Шанхай. /HK01/. Дээд боловсролын мэргэжлийн үнэлгээний “Shanghai Ranking” агентлагаас энэ оны БНХАУ-ын их дээд сургуулиудын зэрэглэлийг гарган өчигдөр танилцууллаа.


Уг жагсаалтад Цинхуа их сургууль, Бээжингийн их сургууль, Жөзянь их сургуулиуд бүх мэргэжил, чиглэлийг хамарсан ерөнхий дүнгээр /цогц сургууль/ найм дахь жилдээ дараалан эхний гурван байрт шалгарсан байна.


Тус жагсаалтад нийт 590 их сургууль багтсанаас эхний гурван байрыг дээр дурдсан сургуулиуд дарааллын дагуу эзэлсэн бол Шанхайн Зам тээврийн их сургууль, Фудан их сургуулиуд удаах байруудад оржээ.


Сургуулиудыг мэргэжил, чиглэлээр нь авч үзвэл, анагаахын чиглэлийн сургуулиудын жагсаалтад 85 сургууль багтсан ба Бээжингийн “Шиэхө” анагаахын коллеж, Нийслэлийн Анагаах ухааны их сургууль, Наньжингийн Анагаах ухааны их сургуулиуд эхний гуравт орсон байна.


Харин улс төр, хууль эрх зүйн салбарын сургуулиудын жагсаалтад 33 их сургууль орсон ба үүнээс Хятадын Улс төр, хуулийн их сургууль, Хуадун улс төр, хуулийн их сургууль, Баруун өмнөд Улс төр, хуулийн их сургуулиуд эхний гуравт багтжээ.


Санхүү, эдийн засгийн их сургуулиудын чансаанд 55 их сургууль багтсан ба Шанхайн Санхүү, эдийн засгийн их сургууль, Төвийн Санхүү, эдийн засгийн их сургууль, Олон улсын Худалдаа, эдийн засгийн их сургуулиуд эхний гурван байрыг эзэлсэн байна.


Спортын их сургуулиудын жагсаалтад 14 их сургууль орсон бөгөөд эхний гуравт Шанхайн Биеийн тамирын коллеж, Бээжингийн Биеийн тамирын их сургууль, Нийслэлийн Биеийн тамирын их сургуулиуд оржээ.


Хэлний их сургуулиудын жагсаалтад 16 их сургууль орсон ба Бээжингийн Гадаад хэлний их сургууль, Хятадын Харилцаа, холбооны их сургууль, Шанхайн Гадаад хэлний их сургуулиуд эхний гуравт орсон байна.


Их сургуулиудын зэрэглэлийг гаргахад БНХАУ-ын 1000 гаруй баклаврын зэрэглэлийн их сургуулиудыг хамруулжээ.        

Холбоотой мэдээ