Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлүүдийг дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-04-14 17:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилж байна.


Үзэсгэлэнг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайванийн Тай Жун хотын захиргаа хамтран зохион байгуулж буй юм.

 

Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд оролцсон хүний тоо болон шагнал хүртсэн хүний тоогоороо олон улсын шилдэг гурван оролцогч багийн нэг болсон. Өнгөрсөн жил олон улсын уран бүтээлчдийн 115 бүтээлээс 43 бүтээлийг Монголын уран бүтээлчид ирүүлсэн юм. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас 8 нь Монгол уран бүтээлчдийн уран бүтээл байв. Уралдааны эцсийн шатанд уг найман уран бүтээлээс гурав нь шалгарчээ.

Хамтарсан үзэсгэлэнд өнгөрсөн жилДа Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д нэгдүгээр шатанд Монголоос шалгарсан 8 уран бүтээлчдийн тус бүр шилдэг 3 бүтээл болон Тайваниас шалгарсан 2 уран бүтээлчийн нийт 26 бүтээлийг дэлгэжээ. Бүтээлүүдийг тосон будаг, анимэйшн, усан будаг, уран баримал, арьсан урлал, керамик урлал, мод металл урлал гэх мэт төрлөөр туурвижээ.

 

Тодруулга: Тайжун хот 1996 оноос эхлэн Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж, уран бүтээлчдийг хоорондоо ур чадвараараа өрсөлдөх, бие биенээсээ суралцах урлагийн тайзыг бий болгож өгсөн. Уг үзэсгэлэн эхэн үедээ дотоодын уран бүтээлчдийг оролцуулдаг орон нутгийн хэмжээний дүрслэх урлагийн үзэсгэлэн байсан юм. 1999 онд үндэсний хэмжээний томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэн болон өргөжин тэлсээр, 2002 онд дэлхийн өнцөг булан бүрээс урлаг сонирхогчдын уран бүтээлүүдийг хүлээн авч, олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн болон өргөжиж, Тайванийн олон улсад чиглэсэн олон нийтийг хамарсан томоохон хэмжээний дүрслэх урлагийн үзэсгэлэн болжээ.

Тус үзэсгэлэнд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1000-2000 гаруй уран бүтээлч оролцдог. Уг үзэсгэлэнд урлагийн олон янзын хэв маягийг оруулсан нь Тайжун хотын нутгийн соёлын баялгийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнд ирүүлэх боломжтой бэх, уран бичлэг, сийлбэр, пластик будаг, тосон будаг, усан будаг, цоолтуур, гэрэл зураг, уран баримал, гар урлал, дижитал бүтээл зэрэг 11 төрлийн бүтээл байдаг.

Эл үзэсгэлэнд сүүлийн таван жилийн хугацаанд Монголын уран бүтээлчид оролцох нь улам бүр нэмэгдсээр байна. Монгол уран бүтээлчид уг уралдаанд 2016 онд анх оролцсоноос хойш олон улсын шилдэг гурван өрсөлдөгч орны нэг болсон юм. 2021 онд дэлхийн 25 орны 115 бүтээлээс 43 бүтээлийг Монголын уран бүтээлчид ирүүлсэн нь “Да Дуны дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д оролцсон олон улсын оролцогчдын бараг тал хувийг эзэлж байна.




Холбоотой мэдээ