Европын Холбооны төслөөр дулаалгын 100 бригадыг бэлтгэн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-04-14 15:59:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн дулаалаагүй барилга, байшин, орон сууц дулааныхаа 35 хувийг ханаар алддаг байна. Мөн барилгын суурь болон шал, цонхоор тус бүр 15 хувийн дулаанаа алддаг. Тиймээс манай улсад “Дулааны шийдэл” төслийг Европын холбооны “Свич Эшиа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, эхний шатны үйл ажиллагааны хаалтаа өнөөдөр “Туушин” зочид буудалд хийв. “Дулааны шийдэл” төслийн хүрээнд нийт 1618 айлын орон сууц, гэрийг дулаалжээ. Ингэснээр 29 хувиар эрчим хүчнийг хэмнэсэн байна. Байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулснаар айл өрхүүд 2000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3000 тонноор бууруулжээ.





Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз төслийн талаар хэлэхдээ, “Бид өнгөрсөн 4 жилд дулааны шийдлийн талаар бодитой ажил хийж үр дүн гарсан гэж үзэж байна. Энэ хугацаанд бид олон талын дэмжлэг, оролцоотойгоор зах зээлийн зарчмаар ногоон санхүүжилтийн шийдлийг боловсруулж чадлаа” гэдгийг онцлов.




Энэ дагуу ХААН, Хас банк болон “Транскапитал” санхүүгийн байгууллага хөнгөлөлттэй ногоон зээлийг иргэд, ААН-үүдэд санал болгон 8 компани дулаалгын чанартай материал нийлүүлэн ажиллажээ. Хамгийн гол нь төслөөр дулааны ажлыг гүйцэттгэх 100 гаруй бригадыг цогц хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажуулжээ. Тэдний нэг, “Дулааны шийдэл” нэгдүгээр бригадын ахлагч Ж.Өнөрбаяртай уулзвал, өнгөрсөн хугацаанд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй бригад байгуулан, 70-аад хэмжилт хийж, 30-аад айлыг дулаалж, 10 гаруй сая төгрөгийн орлоготой болсноо хэлж байна. Түүнээс “Дулааны шийдэл” төсөлд анх хэрхэн холбогдож энэ ажлыг хийх болсныг тодруулбал, тэрээр нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьсон. Хоёрт, барилгын чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх хүсэл зорилготой байсан гэв. Тэрээр айл өрхийн орон сууцны дээвэр, хана, суурийн дулаалгыг голдуу хийж иржээ.



“Дулааны шийдэл” төслийн нэг бригад 30 сууцыг дулаалж, 10 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.






Эдгээрийг сайн дулаалсан нөхцөлд айл өрх цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй байдгийг тодотгож байв. Технологийн дагуу айл өрхүүд эрдэс (шилэн) хөвөнг нимгэн бус 15-20 см буюу 4 давхар дэвсэж, уур, ус, чийг тусгаарлагчийн хамт дулаалж байхыг зөвлөлөө. Гол нь айл өрх байшингийнхаа чийгийг агааржуулагчаар гадагшлуулж, адрын хөндийг нэвт салхижуулж цантуулахгүй байхыг хэлэв. Нэг айлын дээврийн бүтэн дулаалгын өртөг, 50 ам дөрвөлжин метр талбайтай айлд ажлын гүйцэтгэл, материал, тээврийн зардал бүгд ороод 2 сая орчим төгрөг гардаг аж.




“Дулааны шийдэл” төслийг Европын холбооны “Свич Эшиа” хөтөлбөрийн хүрээнд “Аббэ Пиэр” сан, Франц болон Чех улсын хөгжлийн агегтлагууд санхүүжүүлж, Франц улсад төвтэй олон улсын “Жэрэс” ТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний ассоциац, Чех улсын олон улсын “Пипл Ин Нийд” ТББ хамтран хэрэгжүүлжээ. Төслийн эхний шатны хаалтын ажиллагаанд Франц улсын Элчин сайд Себастиан Сүрүн, Чех улсын ЭСЯ-ны ажилтнууд, БХБ-ын дэд сайд Э.Золбоо нарын албаны хүмүүс, төслийг хэрэгжүүлэгч байгууллага, ТББ-уудын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.







Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ