Газар хөдлөлтийн гамшгийн үеийн талаар дадлага сургалт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-13 15:16:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт, дадлагыг зохион байгуулж байна.


Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа болсон нь газар хөдлөлтийн их эрсдэл байгааг ОБЕГ мэдээлэв.


Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.


Сургалт, дадлагыг нээж ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ, “Гамшгаас хамгаалахыг Засгийн газар, ОБЕГ дангаар хэрэгжүүлэх боломжгүй учир газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахад суралцан, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойлох нь сургалт, дадлагын зорилго. Газар хөдлөлт нь хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт, асар богино хугацаанд болж өнгөрдгөөрөө бусад аюулт үзэгдлээс илүүтэйгээр анхаарах зүйл бий. Газар хөдлөлтийн гамшгийг хохирол бага даван туулах нь улс орны гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, иргэдийн мэдлэг ойлголт, хариу арга хэмжээ авах чадавх, салбар хоорондын харилцан ажиллагаа зэрэг хүчин зүйлээс хамаардаг”-гийг онцоллоо.


Дадлага сургууль нь гамшгийн бэлэн байдлын түвшинг шалгах, сайжруулах ач холбогдолтой тул ЦХХХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Хүнсний хөтөлбөр хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт, дадлагыг талуудын зөвлөлдөх уулзалт, ширээний сургалт, дадлага, сургалтаас гаргасан зөвлөмжид үндэслэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үе шаттай зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ