Оросын хүндийн өргөгчдийг Олимпод оролцуулахгүй

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-07-30 13:17:49

ЖЕНЕВ./TASS/. Олон улсын хүндийн өргөлтийн холбоо /IWF/ ОХУ-ын хүндийн өргөлтийн шигшээ багийг Рио-де-Жанейро хотод болох Олимпын наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Олимпоос Оросын тамирчдыг хассан шалтгаан нь тэд сэргээшийн эсрэг дүрэм журмыг удаа дараа зөрчсөнтэй холбоотой аж. “Оросын тамирчдын үйлдлээс болж хүнд атлетикийн спортын нэр хүндэд удаа дараа хохирол учирсан тул энэхүү спортын төрлийн статусыг хадгалах үүднээс зохих шийтгэлийг ногдуулав” гэж IWF-ийн мэдээлэлд дурджээ.  

Одоогийн байдлаар, Лондон болон Бээжингийн Олимпод оролцсон Оросын хүндийн өргөлтийн долоон тамирчнаас авсан допингийн шинжилгээний сорьцын хариу эерэг гарсан байна.

Сануулан дурдахад, энэ сарын 24-нд Олон улсын Олимпын хорооноос Оросын тамирчдыг Олимпын наадмаас хасахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэднийг оролцуулах эсэхийг тухайн спортын төрлийн холбоод шийдэхээр болсон юм.  

Оросын хүндийн өргөгчид өмнө нь Олимпын хоёр эрхээ хасуулсан байжээ. Тус улсын Олимпын хороо 8 хүндийг өргөгч тамирчны мэдүүлгийг хүргүүлсэн боловч тэднээс Татьяна Каширина, Анастасия Романова нарын эрхийг хүчингүй болгосон аж. Тэд өмнө нь сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн гэх үндэслэлээр уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв.

Энэ хоёр тамирчнаас гадна Оросын дөрвөн хүндийн өргөгчийн нэрс Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ бие даасан комиссын тайланд дурдагдсан байна. Ричард Макларены тэргүүлсэн уг комисс Оросын спорт дахь допингийн асуудлыг шалгаж байгаа юм.

Д.Нямтулга 

 

 

Холбоотой мэдээ