Эрдоган: Намайг доромжилсон хүмүүсийг өршөөнө

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-07-30 11:42:05

АНКАРА. /BBC/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган намайг доромжилсон хүмүүсийн эсрэг үүсгээд байгаа бүх хэргийг буцаан татаж, хүчингүй болгоно гэж мэдэгдсэн байна.

Сүүлд болсон цэргийн эргэлт хийх оролдлого нь бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг надад ухааруулсан гэж тэрбээр мэдэгджээ. Гэвч энэ хэрэгтэй холбогдуулан олон тооны хүнийг баривчилж байна гэж түүнийг буруушаасан орнуудад хандан “өөрсдийгөө хичээ” гэж мэдэгдэв.

"Зарим хүмүүс бидэнд зөвлөгөө өгч байна. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө хичээж, урдах замаа хар. ЕХ эсвэл Өрнөдийн ямар ч орнууд бидэнд эмгэнэл илэрхийлээгүй. Туркийн ардчилал, иргэдийн амь нас, ирээдүйд санаа зовохгүй байж, улс оронд үймээн дэгдээгчдэд санаа зовж байгаа улс орон, удирдагчид бидний найз нөхөд байж чадахгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Эрдоган АНУ-ын генерал Жосеф Вөтелийг “цэргийн эргэлтийг зохион байгуулагчдын талд байна” гэж буруушаасан байна.

Харин генерал Жосеф Вөтел пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, Туркийн армийн удирдлагуудыг хорих нь АНУ-Туркийн цэргийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэсэн байна.

Намайг доромжилж, үл хүндэтгэсэн хүмүүсийн эсрэг үүсгэсэн хэргийг бүгдийг нь хүчингүй болгоно гэж Эрдоган мэдэгджээ. Энэ оны эхээр 2000 орчим хүн ийм хэргийн улмаас ял шийтгүүлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ