Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөгчгүй яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-11 17:15:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны IX Их Эе хурал 2022 оны 4 дүгээр сарын есний өдөр боллоо.


Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон талаар МҮБХ-ноос мэдээллээ.


Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5 хувийн саналаар МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо.


Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээгээс тус бүр 4, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр 3, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр 5, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85,1 хувийн ирцтэй хурал боллоо.


Олонхийн санал авсан дор дурдсан төлөөллийг МҮБХ-ны Тэргүүлэгчдээр сонголоо.


МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав

Архангай: Улсын харцага Г.Батбаяр

Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен

Баянхонгор: Улсын харцага Д.Батболд

Булган: Улсын заан Д.Баасандорж

Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд

Говьсүмбэр:

Дархан-Уул:

Дорноговь: Улсын начин А.Хатансайхан

Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж

Дундговь: Улсын начин А.Алтанхуяг

Завхан: Улсын гарди М.Баяржавхлан

Орхон:

Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран

Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа

Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал

Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ

Төв: Улсын харцага Л.Бадарч

Увс: Улсын гарди Б.Гантогтох

Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн

Хөвсгөл: Улсын начин А.Давааням

Хэнтий: Улсын начин Б.Одхүү

Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр

Налайх: Аймгийн начин З.Төртогтох

Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр


Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулж, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов.


Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комиссод хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхийн санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж  дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.


МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй баталлаа. Тус зөвлөлийн 6 гишүүн олон нийтийн төлөөллөөс, 3 гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана. Харин хяналтын зөвлөлийн даргаар Бизкон Аудит ХХК-ийн захирал, бөхийн зүтгэлтэн Лэгшидийн Отгонбаяр сонгогдож, гишүүдээр улсын начин Р.Цоггэрэл, Х.Түвшинсанаа, аймгийн арслан Б.Баттөр, аймгийн заан Л.Нанзадсүрэн нар ажиллахаар болов.

Холбоотой мэдээ