“Барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах нь” сэдэвт сургалтад шийдвэр гаргагчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-08 15:09:54
Архангай /МОНЦАМА/. Жэрэс ОУБ-ын Архангай аймагтай хамтран хэрэжүүлж буй Семаатерр II төслийн хүрээнд “Барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах нь” сэдэвт сургалтад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч, аймгийн газар агентлагийн удирдлага, шийдвэр гаргагч нар болон техник мэргэжлийнхний 50 гаруй төлөөллийг хамрууллаа.
Сургалтын багшаар ШУТИС- Барилга архитектурын сургуулийн ахлах багш, Монгол Улсын зөвлөх инженер, аудитор, профессор Б.Мөнхбаяр, Семаатерр төслийн зөвлөх, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, аудитор Ж.Ганхуяг нар барилгын эрчим хүчний хэрэглээ, эрчим хүч хэмнэх боломж, барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, барилгын эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон бодит жишээ, олон улсын чиг хандлага зэрэг барилгын эрчим хүчний чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн төслийн менежер Оюунтуяа төслийн танилцуулгыг, төслийн мэргэжилтэн Г.Санжаа нөлөөллийн ажлын хүрээнд олон нийтэд хүргэж буй ажлууд зэрэг мэдээллийг тус тус хүргэлээ. Мөн төслийн зөвлөх Ж. Ганхуяг төслийн хүрээнд хийсэн Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүчний хэрэглээний төлөв, олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээний танилцуулга, Семаатерр төслийн хүрээнд барьсан түр хамгаалах байрны эрчим хүч хэмнэлтийн үр дүн, Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн дулаалгын ажил, Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн дотор агаарын чанарын хэмжилтийн үр дүнгийн танилцуулга зэргийг сургалтад оролцогчдод танилцуулж, төслийн баг болон сургалтын багш нар оролцогчдын асуултад нээлттэйгээр хариулж, харилцан ярилцаж байлаа.
Мөн төслийн ажлын хүрээнд "ЭКО ОФФИС” уралдааныг Эрдэнэбулган суманд байрлаж буй төрийн байгууллагуудын оффисуудыг хамруулан Архангай аймаг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Даацтай хөгжлийн ирээдүй ТББ -уудтай хамтран зохион байгуулж байгаатай холбоотойгоор, төслийн менежер Б.Оюунтуяа, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Архангай аймаг дахь орон тооны гишүүн А.Алтанчимэг нар оролцогчдод удирдамжийг танилцуулж, уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн төслийн техникийн мэргэжилтэн Г.Санжаа сургалтад оролцогчдын саналын дагуу Эрдэнэбулган сумын сургуулиудын дотор агаарын чанарын хэмжилт болон сургуулийн барилгын дулааны зургийг ойрын хугацаанд Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран авч, мэдээлэл гарган өгөхөөр ажиллаж байна.
Семаатерр төслөөс урьд нь Эрдэнэбулган сумын цэцэрлэгүүдээс ирсэн саналын дагуу дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж, Эрдэнэбулган сумын 1, 6, 13-р цэцэрлэгийн дотор агаарын чанар, барилгын дулааны зургийг авч, түүний үр дүнг цэцэрлэгийн удирдлага, ажилчдад танилцуулж байсан юм.
Холбоотой мэдээ