БНХАУ цар тахлын улмаас хаасан зарим боомтын үйл ажиллагааг сэргээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр утсаар ярьж, олон улсын нөхцөл байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлууд болон хилийн боомтуудыг нээх, экспорт, импортыг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол, Хятадын хилийн ажиллаж байгаа боомтуудаар хийгдэж буй экспорт, импортын хэмжээг эрс нэмэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, цар тахлаас үүдэлтэйгээр хаагдсан хилийн бусад боомтыг үе шаттайгаар нээх, ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх, Тяньжин боомтод байгаа чингэлгүүдийг яаралтай татан авах, энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд бусад боломжит далайн боомтыг ашиглах саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөндөв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хилийн боомтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хувьд эн тэргүүний тулгамдсан асуудал гэдгийг ойлгож буйгаа илэрхийлээд Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогыг Хятадын тал чухалчлан үзэж байна хэмээв. Тэрбээр хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай ажиллаж байгааг дурдлаа. Мөн ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулахаар ажиллаж байгаагаа онцлов. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг хятадын тал мэдэгдэв. Мөн Гашуунсухайт боомтод ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас нийт 92 халдварын тохиолдол гарсныг дурдаж, Монголын тал хилийн боомтын халдвар хамгааллаа улам бүр сайжруулах нь ачаа тээвэр саадгүй явах гол нөхцөл болохыг тэмдэглэв.
Сайд Б.Батцэцэг Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хилийн боомттой холбоотой асуудлаар яриа хэлэлцээ хийлгэх санал дэвшүүлснийг судлан үзэж, ойрын үед зохион байгуулах чиглэлээр ажиллахаа Сайд Ван И илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэйг тэмдэглэж, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.