Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-07 18:30:46

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор сарын аяныг эхлүүлж нээлтээ хийлээ. Энэ аяныг аймгийн ЗДТГ, ХХҮГ, НДХ, МХГ, Политехник коллеж, ҮЭ-ийн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг үр дүнтэй явуулахад төрийн болон аж ахуйн нэгжүүд хамтран оролцох юм.

Аяны хүрээнд ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт норм, журмыг биелүүлж ажиллахыг албан байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох. Иргэдэд энэ талын мэдээлэл, мэдлэг олгох сурталчилгааны ажлууд хийх юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтэд оролцсон 57 аж ахуйн нэгж, байгууллагын 817 иргэнд аюулгүй ажиллагааны талаар үзүүлэх сургууль, сурталчилгааг хийсэн байна. Мөн үзүүлэн таниулах материалыг танилцуулж, мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.





100 багшид анхны тусламжийн үзүүлэх сургалтыг хийжээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үеэр МУЗН-ийн Завхан дахь хорооноос анхны тусламжийн амилуулах үзүүлэх сургалтыг үзүүлж оролцжээ.

Тус хорооноос газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ковид цар тахал томуу, томуу төст өвчлөлөөс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсийг хамгаалах зэрэг мэдээ, мэдээллийг 400 гаруй иргэнд өгч брошур гарын авлага тараажээ. Мөн аймгийн Боловсрол Соёл урлагийн газартай хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн бага боловсролын 100 багшид анхны тусламжийн амилуулах болон бусад чиглэлийн сургалтыг явууллаа. Энэ сургалтыг аймгийн Улаан загалмайн хорооны дэргэдэх  Эрүүл мэндийн Сайн дурын идэвхтэн багш нар зохион явуулсан байна.




Сүүлийн жилүүдэд аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг мөрдөөгүйн улмаас иргэд хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан албан хаагчид багагүй байгааг нээлтийн үеэр мэргэжлийн байгууллагууд онцолсон. Санамсар болгоомжгүй байдлаас болж хөдөлмөрийн чадвараа алдаж буй тохиолдлуудын ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй. Заавар зөвлөмжийг баримтлаагүйгээс үүдэлтэй болохыг хэлж байна. Тиймээс иргэд, ажилтан албан хаагчид ажлын байран дээрээ эрүүл аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг тогтмол ашиглаж, хэвших, зөв дадал төлөвлүүлэх нь маш чухал юм. Бас ажил олгогчдын зүгээс эрүүл аюулгүй ажиллагааны дүрэм журам, хууль тогтоомжийг ажилтан албан хаагчдадаа тогтмол өгч мэдээ мэдээллээр хангаж, түүнийг мөрдлөг болох нь чухал юм хэмээн аймгийн Улаан загалмайн хорооноос нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ