ДЭМБ: Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдол буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-04-07 09:44:48

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхий даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо гуравдугаар сарын эхээр өсөөд байсан ч халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.


ДЭМБ-ын COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн даяар гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр 3-нд илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 16 хувиар буурсан байна.


Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд халдварын 489 сая гаруй тохиолдол илэрч, зургаан сая гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт халдвараар нас барсан тохиолдлын тоо 43 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийн хувьд зарим оронд “COVID-19”-өөр нас барсан тохиолдлын тодорхойлолтыг өөрчилж, өмнө нь бүртгэгдээгүй байсан тохиолдлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор эрс өсөөд байсан юм.


Өнгөрсөн долоо хоногт шинээр илэрсэн халдварын тохиолдлуудыг улсаар авч үзвэл, БНСУ-д хамгийн олон буюу хоёр сая гаруй тохиолдол, Германд 1.3 сая гаруй тохиолдол, Францад нэг сая орчим тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Гэхдээ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад БНСУ-д халдварын тохиолдол 16 хувиар, Германд 13 хувиар буурсан бол Францад 13 хувиар өсжээ.


Тухайн долоо хоногт ДЭМБ-ын зургаан бүс нутагт бүгдэд нь халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч буй хандлага ажиглагдсан байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн орон “COVID-19”-ийн шинжилгээний стратегиа аажмаар өөрчилж байгаа нь нийт хийсэн шинжилгээний тоо буурахад нөлөөлж, улмаар илэрсэн тохиолдлын тоог бууруулж байгааг ДЭМБ үргэлжлүүлэн сэрэмжлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ