Г.Ёндон: Шаардлагатай тохиолдолд газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварт зохицуулалт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос тодруулав.
-Хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, уул уурхайн салбартай холбоотой ямар ямар онцлог заалт туссан бэ?
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар, АИ-92 шатахууны 42 хоног буюу хангалттай нөөцтэй. Хуульд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл, урьлчилгаа төлбөрийн зээл олгохоор тусгасан байна. Мөн валютын ханшийн эрсдэлээс хамгаалах тухай заалт орсон. Эдгээрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн асуудлыг зохицуулна.
Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулсан хэд хэдэн чухал заалт бий. Алт олборлогч аж ахуйн нэгжүүд Монголбанканд хандаад эргэлтийн хөрөнгө, урт хугацааны болон урьдчилгаат төлбөрийн санхүүжилт авдаг. Энэ санхүүжилтийг үргэлжлүүлэх, мөн Лондонгийн металийн биржээс таван хувийн нэмэгдэлтэй металл авах заалт орсон.
-Газрын тосны бүтээгдэхүүний татварт зохицуулалт хийж үнийг тогтвортой барих боломж бий юу?
-Шатахууны импортын татварын тухайд, АИ-92 болон АИ-80 төрөлд онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн. АИ-92 бензинээс гаалийн болон НӨАТ авч байгаа. Дизель түлшинд мөн онцгой албан татвар авч байгаа. Хуульд туссан нэг онцлог заалт бол газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын гаалийн татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газар авч байгаа. Шаардлагатай тохиолдолд энэ заалтыг хэрэглэнэ. Дизель түлшний онцгой албан татварын асуудлыг ч Засгийн газар шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийх боломжтой.
-Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хэдий хэмжээний зээлийн санхүүжилт олгох тооцоо байгаа вэ?
-2021 оны 12 дугаар сарын сүүлийн өдрүүдэд импортлогч аж ахуйн нэгжүүдэд 290 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Ноднин 11 дүгээр сараас шатахууны үнэ ихээр нэмэгдсэн. Нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг Монголбанк шийднэ. Үүнд 400 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд дөрөвдүгээр сарын захиалгаа хийж эхэлж байна. Гол асуудал нь ОХУ-ын шатахууны зарим экспорт хийгдэхгүй байгаа. Тиймээс Засгийн газар аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх замаар үнийг хямдруулах бүх боломжийг эрэлхийлнэ.
-Энэ хуулийн үйлчлэх хугацаа ямар байх вэ?
-Хууль 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулан зохицуулалт хийх боломжтой.