Явган шороон шуурганы тоо олон байх магадлалтай 4 дүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-01 09:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 4 дүгээр   сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор ОЖД утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.  


Сүүлийн 40 жилийн  4 дүгээр сарын  явган,  шороон шуурга (ЯШШ)-тай  өдрүүдийн  68 станцид  ажиглагдсан өөрчлөлтийг 2 үеэр (1982–2001, 2002–2021) тооцон гаргажээ. Тэндээс харахад эхний 20 жилд (1982–2001) ЯШШ өдрийн тооны давтагдал орон зайн хувьд баруун бүс нутгаар харьцангуй их (3 – 15), говийн бүс нутгаар харьцангуй бага (1 – 10) байхад ШШ өдрийн тоо  говийн болон төвийн бүс нутгаар харьцангуй их (3 – 10) бусад нутгаар жигд тархалттай байна. Харин сүүлийн 20 жилд (2002 – 2021) ЯШШ-тай өдөр болон шороон шуурагтай (ШШ) өдрийн тоо бүх бүс нутгаар илэрхий эрчимтэй нэмэгджээ. Ялангуяа төв болон говийн бүс нутгаар ШШ өдөр  2 дахин нэмэгдсэн нь харагдсан хэмээн тайлбарлажээ.


Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10 хэмээр хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12 хэмээр дулаан, бусад нутгаар +6-аас -2 хэмээр  хүйтэн байдаг аж.


Дөрөвдүгээр сарын агаарын температур 2000 оноос хойших жилүүдэд харьцангуй дулаан байсан байна. Тухайлбал 2004-2005, 2007-2010, 2011-2012, 2014-2021 онуудад ихэнх нутгаар  ОЖД–аас 2–6 хэмээр дулаан байсан байна. Харин 1979-1980, 1983-1986, 1988, 1990-1991, 1993, 2010 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2–6 хэмээр  хүйтэн байжээ.


Сарын нийлбэр чийг ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог

Чийгний хувьд 1979-1981, 1985, 1990, 1994-1995, 1998-2003, 2014-2016, 2018, 2021 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас ахиу чийг орсон аж. Харин 1982-1984, 1987-1988,1992, 1996-1997, 2004, 2019-2020 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Чийг Баян–Өлгийн нутаг, Ховд, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.  Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2–5 хэмээр хүйтэн байх төлөв гарчээ. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар чийг унана. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим чийг унах төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байна. Харин  нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3 хэмээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 3–5 хэмээр хүйтэн байх төлөв гарчээ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас, бороо орох магадлалтай. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас, бороо орох төлөв гарчээ. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байх юм.  Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэм хүйтэн байх төлөв гарчээ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба  хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, цас, бороо нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байх юм. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байх юм.  Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөв гарчээ. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас, бороо  орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 18–20 м/с, зарим үед 22–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй гэжээ.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.


Энэ сард хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. Иймд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, төл хөлдөж, осгох, мал уруудахаас болгоомжлохыг малчид, ард иргэддээ анхааруулж байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх зөвлөмж гаргажээ.

Холбоотой мэдээ