117 жилийн өмнөх аниагүй газрын сорвины жимээр

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-03-30 18:34:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн уугуул, байгалийн гэрэл зурагчин, Пүрэвхүүгийн Баатарзоригт “117 жилийн өмнөх аниагүй газрын сорвины жимээр” нэртэй цуврал зургийг гэрэл зургийн хальснаа буулгаж олны хүртээл болгожээ.  

Түүний цуврал зурагт 10 гаруй гэрэл зураг багтжээ. Өнгөрсөн зуунд Монголд хамгийн хүчтэй хөдөлсөн Увс, Завхан, Хөвсгөл аймгийн газар нутгийг дамнасан 1905 оны 7 дугаар сарын 09-23-нд болсон газар хөдлөлт юм. Уг газар хөдлөлт нь Увс нуурын урдханаас Хан Хөхийн нурууны дагуу Модон даваа, Цагаан нуур, Зүүнхангай сум, Завхан аймгийн Сонгино сумын Цавдан, Түдэвтэй сумын Ойгон, Тэлмэн сумын Бүст нууруудын араар өнгөрчээ. Мөн Булнайн нурууг арлан, Хөвсгөл аймгийн нутаг дахь Тэсийн голын эхийг дамжин, Сангийн далай нуурын өмнө эрэг хүрч 500 орчим километр урт том хагарал үүсгэжээ. Энэ хагарал нь 2.3-5.8 метр өргөн, 1-5 метрийн гүн, зарим хэсэгт 10-100 метр өргөн, 20-60 метр гүн олон том жижиг ангал үүсэж, хүн мал сүйджээ. Энэ үйл явдлаас хоёр сарын дараа Оросын эрдэмтэн А.В.Вознесенский ердийн хөсгөөр ирж тухайн хагарлыг судлаад газар хөдлөлтийн хүч 11-12 балд хүрч, 7 сая ам дөрвөлжин километр газар нутгийг хамран доргисон байна гэдэг дүгнэлтийг хийжээ.

Эрдэмтэн А.В.Вознесенскийн мэдээлж байгаагаар "Тэсийн хүрээнд хоёр шавар байшин нурж, 30 орчим жижиг дуган модон байшинд гэмтэл учирч, Алтан Хөхийн нуруунд байсан гурван нуурын хоёр нь алга болжээ" гэж бичиж үлдээсэн баримт байна. Түүнчлэн Булнайн нурууны арын хагарлын үеэр хонь хариулж явсан айлын хүү хоньтойгоо орчихсон. Хэдэн хоног хагарлын гүнээс хонь майлах дуу гарч байсан гэж нутгийн настай хүмүүс ярьж байсан гэдэг хууч бийг гэрэл зургууд авч байх үеэрээ нутгийнхнаас сонссон. Энэ түүх сонирхолтой газар хөдлөлтөөс үлдсэн энэхүү хагарлыг гэрэл зургийн хальсанд буулгахаар баруунаас зүүн тийш чиглэсэн дарааллаар аялж зургаа авсан. Зураг тус бүр дээр холбогдох байршлыг мөн тэмдэглэж оруулан цахим орчинд хуваалцсан гэж П.Баатарзоригт хэлэв.

/Завхан аймгийн Сонгино, Баянхайрхан, Увс аймгийн Зүүнхангай сумын залгаа нутгаас гэрэл зургаа эхлүүлж байна. Уг зурагт Увс аймгийн Зүүнхангай сумын Баруун дааган уул харагдана, түүний наана Завхан аймгийн Сонгино сумын Цавдан нуур, Сонгино, Баянхайрхан сумын нутагт орших Газрын гав, түүнд тогтсон нуурууд, өглөөний наранд налайх хонин сүрэг харагдана./

/Уг зурагт Увс аймгийн Зүүнхангай сумын Баруун дааган уул харагдана, түүний наана Завхан аймгийн Сонгино сумын Цавдан нуур, Сонгино, Баянхайрхан сумдын нутагт орших Газрын гав, түүнд тогтсон нуурууд, үдийн гэгээ тасрах цагаар/

/Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг, Агьт уулын өвөр, Сантын овооны орчим/

/Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг, Дааган дэл уулын зүүн хойд үзүүрээс баруун тийш/

/Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг, Дааган дэл уулын зүүн хойд үзүүрээс зүүн тийш, Түдэвтэй сумын Ойгон нуурыг арлан, Могойн голыг чиглэн харагдана/

/Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Баян зүрх хайрханы араар газрын хагарал Могойн голыг чиглэн буй нь/

/Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын залгаа нутаг дахь Газрын гавны хонхорт ус тогтсон байдал/

/Газрын хагарал Завхан аймгийн Тэлмэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын залгаа нутаг Буга-Өндөрийн өвөр тийш үргэлжилнэ/

/Завхан аймгийн Тэлмэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын залгаа нутаг Буга-Өндөрийн өврөөр газрын хагарал орж ирж байгаа нь/

/Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Бүст нуурын араар, Буга-Өндөрийн өврөөр үргэлжлэн Булнай нурууг зорьж буй газрын хагарал/

/Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Цагаан-Уул, Бүрэнтогтох сум болон Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Сангийн далай нуурын урд хэсгээс Булнайн нурууны хойд хэсгийг даган Ханхөхийн нуруу тийш үргэлжлэх газрын хагарал/

/Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумд болон Завхан аймгийн Их-Уул сумдын нутагт орших Сангийн далай нуурын урд хэсгээс зүүн тийш газрын хагарал харагдана/

Хагас мянга гаруй байгалийн зургийн сан бүрдүүлжээ

Пүрэвхүүгийн Баатарзоригт зурагчин гэрэл зургийн “Шүтээн Монгол” студийг байгуулаад таван жил болж байгаа бөгөөд байгаль, түүх, хүмүүсийн аж амьдралын тухай гэрэл зургуудийг дурандаа буулгадаг байна.


Түүний студи өнгөрсөн жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж хагас мянга гаруй байгалийн гэрэл зургийн бүтээлийг айл гэр, албан байгууллагын хойморт, амжилт бүтээлийн мялаалга, цайллагад зориулж бүтээжээ. Мөн байгууллагынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд таван сая төгрөгийг хандивын болон олон нийтийг хамарсан ажилд зориулсан байна. Тэрээр жил бүр Монгол орноо тойрон аялж гэрэл зургийн сангаа баяжуулдаг байна. Ялангуяа өөрийн аймгийнхаа байгалийн гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилгоор тав дахь жилдээ “Шүтээн нутаг” нэртэй аяллыг аймгийнхаа 24 сумын нутгаар амжилттай зохион байгуулжээ. Ингэж явахдаа 20 орчим мянган километр замыг туулж олон сонирхолтой агшныг гэрэл зурагт буулгаж арвин сан үүсгэжээ. Түүний "Шүтээн нутаг" сангаас Завхан аймгийн 24 сумын иргэд сонирхсон гэрэл зургаа хүссэн хэмжээгээр нь хэвлүүлж, жаазлуулан хадгалах, бэлэг дурсгал болгодог уламжлал хэдийнэ тогтсон гэж гэрэл зурагчин П.Баатарзоригт хэллээ. Та түүний гэрэл зургуудыг https://www.facebook.com/ShuteenMongolStudio -ээс сонирхоорой. 

Холбоотой мэдээ