Н.Тавинбэх: Нийслэлд 492 цахилгаан автомашин байгаа нь чамлах үзүүлэлт
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд цахилгаан автомашины хэрэглээ ихээр нэвтэрсэн тохиолдолд цахилгаан, эрчим хүчээр хангах эх үүсвэрийг хэрхэн шийдэх талаар танилцуулга хийжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэдээлснээр, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг дэмжих боломжийн тухай судалгааг хийжээ. Олон улсын гэрээ, конвенцын дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах хүрээнд дэлхийн улс орнууд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгааг тодотгоод, Монгол Улс ч энэхүү зорилтыг тавьж буйг мэдээллийн эхэнд онцоллоо.
ЗТХЯ-наас өгсөн мэдээгээр, өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 1.2 сая автомашин байгаагийн 662 мянга нь нийслэлд байгаа юм. Түүнээс ердөө 492 цахилгаан автомашин байгаа нь чамлах үзүүлэлт гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Тиймээс цахилгаан автомашины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, "Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлд хэрэглээ давсан буюу оргил ачааллын үед хүндрэл учирдаг. Бидний тооцоогоор, Улаанбаатар хотод байгаа нийт суудлын автомашины 20-30 хувь нь цахилгаан автомашин болсноор эрчим хүчний ачаалал 15-20 мВт-аар нэмэгдэнэ. Энэ хэрэглээг оргил ачааллаас бусад цагт эрчим хүчний хэрэглээгээр цэнэглэх боломжоор хангах боломжтой гэсэн судалгаа гарсан" гэлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан автомашин цэнэглэх үнэ 155 төгрөг байна. Улаанбаатар хотын хэмжээнд цэнэглэх тоног төхөөрөмж бүхий найман суурин станц байгуулжээ. Тэдгээр нь нэг кВт цахилгааныг 300-1000 төгрөгөөр борлуулдаг байна.
Хэрэв 300 төгрөгөөр үнэлж цэнэглэсэн тохиолдолд 5850 төгрөгөөр 100 км туулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэ нь АИ-92 автобензинээр тооцвол хоёр литр юм.
Харин 1000 төгрөгөөр борлуулж байгаа газрын ханшаар тооцвол цахилгаан машин 100 км-т 16 мянган төгрөг буюу 7 литр бензиний өртөг зарцуулах юм байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ иргэдийн амьжиргааны зардлыг багасгах ач холбогдолтойг сайд Н.Тавинбэх мэдээллийн төгсгөлд дурдлаа.