“Оскар”-ын тайзнаа Бейонсе, Билли Айлиш нар уран бүтээлээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-23 12:04:21

ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/. Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын шагнал гардуулах ёслолын үеэр алдарт дуучин Бейонсе, Билли Айлиш нарын уран бүтээлчид шагналд нэр дэвшсэн дуугаа толилуулахаар болжээ.


Тодруулбал, гуравдугаар сарын 27-нд буюу энэ долоо хоногийн ням гарагт болох ёслолын үеэр дуучин Бейонсе теннисийн нэрт тамирчид болох Винус, Серена Уильямс нарын аавын талаар өгүүлэх “King Richard” киноны “Be Alive” дууг, Билли Айлиш өөрийн ах Финнеас О’Коннеллийн хамт “James Bond” киноны “No Time to Die” дуугаа толилуулах ажээ.


Мөн кантри дуучин Реба Макинтайр хөгжмийн зохиолч Дайан Уоррены “Four Good Days” кинонд зориулан зохиосон “Somehow You Do” дууг тайзан дээр дуулах бол “Encanto” хүүхэлдэйн киноны “Dos Oruguitas” дууг дуучин Себастьян Ятра үзэгчдийн хүртээл болгоно.


Эдгээр бүтээл нь бүгд Лос-Анжелес хотын “Dolby” театрт болох “Оскар”-ын наадмын шилдэг киноны дуу шагналд нэр дэвшиж байгаа юм. Харин дуучин Ван Моррисон аялан тоглолтоо хийж байгаа учраас энэхүү шагналын тав дахь нэр дэвшигч болох “Belfast” киноны “Down To Joy” дууг наадмын үеэр толилуулахгүй ажээ. 

Холбоотой мэдээ