Зургаан осол бүртгэгдсэний 5 нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-23 11:10:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт, мөн ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлж, хүүхдүүд гадаа тоглох улирал ирж байгаа тул аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө.


Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд захиалагч, гүйцэтгэгч нь, хүүхдийн тоглоомын талбайг тухайн сургууль, цэцэрлэг, СӨХ, албан байгууллага хариуцан хяналт тавьдаг тул мэргэжлийн хяналтын байгууллагаас аюулгүй байдлыг хангах зөвлөмж хүргүүлжээ.


Аливаа осол аваарт МХБ хүрч ажилласан эсэх асуудал гардаг ч хуулийн дагуу нийтээрээ хэн, ямар үүрэг хариуцлага хүлээсэн нь чухал байдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцлов.


Улсын төсвөөр барьж буй барилгын нийт хөрөнгө оруулалтын 0.5, хувийн хэвшил нийт төсвийнхөө 1.5 хувиас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой аж. Барилгын техник, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын тухайд мэргэжлийн хяналтын газарт энэ сарын 18-ны байдлаар 6 осол бүртгэгдсэний 5 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, нэг нь цахилгаан шаттай холбоотой байжээ.


НМХГ Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Он гарснаас хойш мэргэжлийн хяналтын байгууллагаас байгууллагуудад бүх чиглэлийн зөвлөмж хүргүүлсэн. Тухайлбал, цахилгаан шат эзэмшигч нийт 2800 гаруй байгууллага, 600 гаруй иргэн аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргэн, барилга байгууламжийн 260 захиалагч гүйцэтгэгчид аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зааж, туслан зөвлөсөн. НМХГ-т оны эхний 3 сард 1644 албан бичиг, 806 өргөдөл гомдол ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой өргөдөл гомдол байв. Барилга байгууламжийн тухайд 7 сарын хугацаанд үйл ажиллагаа нь зогссон, хотын өнгө үзэмжид муухай харагдах барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлсэн” зэргийг дурдсан юм.


Нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц, гарц хаасан 12 өргөдөл гомдол ирснийг хянаж, хариуцсан дүүрэг, хорооны Засаг дарга, захиалагч, гүйцэтгэгчид улсын байгцаагчийн зөвлөмж хүргэсэн байна. 


Түүнчлэн, хаврын шар усны үерээс сэргийлэхэд анхаарч, үерийн эрсдэлтэй байршлыг судалжээ. Нийслэлд үерийн хамгаалалтын 170 км урт далан суваг, авто зам борооны ус зайлуулах 187 км урт шугам сүлжээ байна. Улаанбаатар хотод нийт үерийн эрсдэлтэй бүсэд 3000 гаруй айл өрх суурьшаад байгаа аж.

 

Холбоотой мэдээ