В.Орбан: Ардчилсан намын гадаад бодлого Унгарт аюултай

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-07-27 16:08:03

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ардчилсан намын гадаад бодлого нь Европт хор уршигтай бөгөөд тэр дундаа Унгарын хувьд үхлийн аюултай гэж Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.

“Харин Дональд Трампыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Бүгд Найрамдах намын гадаад бодлого бол Европын хувьд ашигтай сайн бодлого юм” гэж тэрбээр Будапешт хотод Австрийн холбооны Канцлер Кристиан Керн-тэй уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ дүгнэн хэлсэн байна.

Өөрийн энэ үзэл бодлыг Унгарын Ерөнхий сайд тайлбарлахдаа “АНУ-ын Ардчилсан нам цагаачлалыг дэмжиж, ардчиллыг хөгжүүлэх явдлыг гадаад бодлогынхоо үндэс болгодог бол бүгд найрамдахчууд энэ бүхэнтэй санаа нийлдэггүй” гэжээ.

“Унгар улс ардчиллыг экспортлох болон цагаачлалын эсрэг байдаг” гэж В.Орбан онцлон тэмдэглээд “гэхдээ би АНУ-ын дотоод хэрэг болон сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцох хүсэлгүй ”гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэн ялахыг Америкийн ард түмэн шийднэ, гэхдээ дурдсан асуудалд Унгарын ерөнхий сайд хүн тайлбар хийж болох юм” гэжээ.

Хэдхэн өдрийн өмнө Орбан мэдэгдэхдээ, Дональд Трампын терроризмтой тэмцэх талаар гаргасан зарчмын зарим саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. “Дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох нууц албыг Америкт байгуулах хэрэгтэй. Энэ нь Европ тивийн, бидний аюулгүй байдалд ч хэрэгтэй юм” гэж Унгарын Ерөнхий сайд мөн дурджээ.

“Ардчиллыг экспортлох явдлыг таслан зогсоох хэрэгтэй гэж Трамп ярьдаг. Үүнээс илүү оновчтой сайн зүйлийг би хэлж чадахгүй нь” гэж В.Орбан төгсгөлд нь хэлсэн байна.  

Х.Сарнай  

Холбоотой мэдээ