Эрчүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-18 18:40:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн өдөр Баянхонгор аймгийн Богд сум "Эрчүүдийн  зөвлөгөөн"-өө зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат урилгаар оролцохдоо "Эрчүүдийнхээ санал хүсэлтийг сонсох, тэднийгээ хөгжүүлэх,  сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд оролцоог нь үлэмж нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулж буйд баяртай байна. Зөвлөгөөнөөс гарсан оновчтой санал санаачилгыг аймгийн зүгээс дэмжиж ажиллах болно. Монгол эр хүний мөн чанарыг Богдчууд ямагт үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Зөвлөгөөний хүрээнд эр хүн, аав хүн, сайн нөхөр, зөв хүү байх асуудал, тэдний нийгмийн байр суурь, нийтлэг алдаа дутагдлыг засаж залруулах, эрчүүдийн хөгжил оролцоог тал бүрээр нэмэгдүүлэхэд анхаарах нь зэрэг сэдвээр олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлэн улмаар санал дүгнэлтийг нэгтгэн уриалга болгон гаргах аж. 

Зөвлөгөөнд оролцогч эрчүүдийнхээ дунд олон төрлийн тэмцээн уралдаан явуулж, сум орон нутгийн шилдгүүдээ алдаршуулан сайшааж, ахмадуудаасаа суралцах, үр хүүхдүүдийн чин сэтгэлийн үгийг аавуудад нь хүргэх зэрэг олон талт арга хэмжээг энэ үеэр зохион байгуулахаар сум орон нутгаас төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ