Аз жаргалтай байхад хүн хоорондын харилцаа хамгийн чухал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-18 16:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас  эхлэн  жил бүрийн дугаар сарын 20-ныг  “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон баталгаажуулжээ. Энэ өдрийг 2013 оноос  тэмдэглэж эхэлсэн байна. Бутаны вант улсын оршин суугчид  Үндэстнээрээ  аз жаргалын коэффициент нь  хамгийн өндөр гэж тооцогддог. Түүн дээрээ тулгуурлан ийм дэлхийн өдөртэй болох  санаачилга  анх гаргажээ.   Энэ жил 3 дугаар сарын 20 бүх нийтийн амралтын өдөр буюу  (ням гариг)-т тохионо.


Үнэндээ  аз жаргал гэж түүнийг хэлнэ гэсэн нэгдсэн тодорхойлолт алга. Харин сэтгэл ханамж, тайван байдал, эд баялаг, хувь хүний хувьд алдарших нь аз жаргалд хүрэх арга зам гэх байдлаар өөр өөрийнхөөрөө  тайлбарлах гэсэн энгийн ойлголтууд түгээмэл  байдаг бололтой. Гэхдээ аз жаргал гэж юу вэ гэсэн асуултад хариулах гэж хийсэн судалгаа тоо баримтууд олон улсад байдаг юм байна. Эдгээр судалгаануудыг  тодорхой  объект, орчин нөхцөлд тулгуурлан  хийжээ.  Судалгааны тоо баримтаас цөөнийг дурдъя. 


Тухайлбал, гадаа цаг агаар +13,9 хэм байхад хүний аз жаргалын төвшин хамгийн өндөр байдаг гэнэ. Санваартан, жүжигчин, архитектор мэргэжилтэй хүмүүс өөрсдийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог. Эрүүл хүн бусдаасаа 20 хувиар илүү аз жаргалтай тооцдог гэх мэт олон янзын  ишлэлүүд байна.  Олон янзын ойлголтуудаас тухайлбал, "нойр нь ханасан хүн илүү аз жаргалтай₮ гэдгийг тогтоохын тулд оюутнууд дээр судалгаа хийжээ. Уг судалгаагаар “нойр дутуу оюутнууд муу үгсийн 81 хувийг, эерэг үгсийн 31 хувь”-ийг эргэн санаж байсан" гэх дүн гарсан  байх юм.


Хүний тархи уурлах мэдрэмжийг  шууд авдаг. Мөн өлсвөл ходоодыг тархи удирдан ажиллуулж эхэлдэг. Тархины энэ чадвар нь түүнийг ямар ч мэдээлэл мэдрэмжид хууртдаггүйг харуулсан гэх дүгнэлтэд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Судалгааг цааш үргэлжлүүлэн хийж, хүний тархи ганцхан  инээмсэглэлд  хууртдаг болохыг  тогтоосон байна. Инээмсэглэхэд тархи хүнийг аз жаргалтай байна гэж ойлгон энэ төрлийн  дааврыг ялгаруулж эхэлдэг гэнэ. Бүр уурлаж бухимдан,  уйлсан үед ч хүн уруулаа үл ялиг өргөн инээмсэглэхэд тархи түүнийг аз жаргалтай байна гэж мэдэрдэг аж. Дөрвөн настай  хүүхэд өдөрт 300-400 удаа сэтгэлээсээ инээдэг. Харин насанд хүрэхэд энэ тоо хэд дахин буурч  өдөрт 15 удаа сэтгэлээсээ инээдэг болохыг судалгаагаар тогтоожээ.  Тийм болохоор насанд хүрсэн хүн хүүхэд байх үеийнхээсээ 20 дахин бага  аз жаргалын даавар ялгаруулдаг  гэнэ.


- Та юунд тэмүүлэн амьдрах ёстой вэ?  гэсэн асуултад ихэнх хүмүүс  "нэр алдар, мөнгө” гэж хариулсан байдаг. Гэвч ийм хариулт өгсөн хүмүүс ихэнхдээ алддаг гэж сэтгэл зүйч Роберт Вальдингер хариулжээ. Мөнгө аз жаргалтай болгодоггүй болох нь олон янзын судалгаагаар харагдсан гэж энэ чиглэлийн судлаачид хэлсэн байна. Мөнгө аз жаргалтай болоход  нөлөөлдөг гэнэ. Гэхдээ удаан тогтвортой бус гэж томьёолсон байх юм. Ядуу хүн орлого өсөх хэрээр аз жаргал нь нэмэгддэг. Гэвч орон байр, хоол хүнс гэх мэт үндсэн хэрэгцээ хангагдахаар орлогын өсөлтөөс хүн  аз жаргал авах мэдрэмжгүй болдог гэсэн тайлбар хийсэн байх юм. Нобелийн эдийн засгийн салбарын 2015 оны шагналт, эдийн засагч Angus Deaton 2010 оны судалгаагаараа хүний жилийн орлого 75,000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлах оролдлого хийжээ. Хүний аз жаргалын тухайд мөнгө чухал ч тодорхой хэмжээнд хүрээд чухал бус болохыг  харуулсан судалгаанууд байдаг аж.


Харвардын судлаачид эрүүл ба жаргалтай амьдралын шалтгааныг тогтоохоор 600 орчим хүнийг дагнан Grant and Glueck нэртэй судалгаа хийжээ. Энэ бол эрүүл мэнд, аз жаргалын тухай явуулсан хамгийн урт хугацаа (75 жилийн турш)-ны судалгаа ажээ. Грант ба Глюк гэсэн хоёр бүлэгтэй энэ судалгаанд:

  • Харвардын психиатрист Жеорж Вейлантаар ахлуулсан Grant study бүлэгт Харвардын хоёрдугаар дамжааны 268 эрэгтэй
  • Харвардын хуулийн сургуулийн профессор Шелдон Глюкээр ахлуулсан Glueck study бүлэгт Бостон хотод өссөн, амьжиргааны төвшин тааруу 12-16 насны 456 хөвгүүн гэсэн хоёр өөр удирдагчтай, хоёр өөр бүлэгт судалгаа явуулсан байна. Тэд судалгаандаа оролцогчдын хариулт, эрүүл мэндийн тайлан, тархины скан, цусны дээж, тэмдэглэл, найз, гэр бүлтэйгээ хийсэн ярилцлага зэргийг багтаасан мянга мянган хуудас материал ашиглажээ.


Аз жаргалтай байхад хүн хоорондын харилцаа хамгийн чухал гэдгийг  Харвардын судлаачид олон жил дагнан  хийсэн судалгаагаараа тогтоожээ. Бусадтай ойр дотно харилцаатай оролцогчид илүү аз жаргалтай, бас эрүүл байж урт насалдаг болох нь ажиглагджээ. Эндээс харвал хүний бие эрүүл байх үндэс нь аз жаргал болж таарч байна. Ийм учраас аз жаргалын утга учир, мөн чанарыг тодорхойлох гэсэн олон судалгааг хийсэн биз. Цаашдаа ч ийм төрлийн судалгаа хийх нь ойлгомжтой. Эдгээр судалгаан дээр тулгуурлан аз жаргалын талаар олон янзын байр суурь гарч ирэх бололтой. 

Холбоотой мэдээ