Тахтай морин чарганы уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад аймгийн цол олгодог болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-17 16:30:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг Мөсний баярын үеэр ирсэн гадаад, дотоодын зочид тахтай морин чарганы уралдааныг хамгийн их сонирхон үздэг.

2000 онд анхны мөсний баяраар зургаан морин чарга уралдаж байсан бол энэ жил 40 гаруй морин чаргатай иргэд уралдаанд оролцсон. Уяачид тус уралдаанд орохын тулд бүтэн жилийн турш морио уяж, сойж бэлтгэлийг хангадаг байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар аймгийн уяачдын хурдан морь уях эрдэм ухаан, хөдөлмөрийг нь үнэлэх, Хөвсгөл далайн мөсөн дээр болдог тахтай морин чарганы уралдааныг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор тус уралдааны амжилтыг аймгийн цол олгох амжилтад оруулан тооцох саналыг гаргаж төлөөлөгчид дэмжлээ. Гэхдээ тодорхой дүрэм журмыг батлан гаргаж хэрэгжүүлэхээр болов.


“Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр уралддаг тахтай морин чарганы уралдаан бол бид бүхний бахархал, онцлог нэгэн үйл ажиллагаа юм. Уяач нар яг л хурдан морь уядаг шиг хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулдаг. Олон удаа нутгийн иргэдээс ирсэн саналыг үндэслэн энэ саналыг оруулж байна. Нутгийн онцлог, өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд саналыг дэмжсэн төлөөлөгч нартаа баярлалаа. Цаашид энэ уралдаан улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.



Холбоотой мэдээ