А.Бөртө-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-17 09:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс-2022” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр өглөө эхэллээ.


Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав.


Тэрбээр СУИС-ийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг  хийж байсан туршлагатай.

70 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг дэлхийн нэг тэрбум хүн шууд үздэг бөгөөд Монгол Улсын мисс 3 минут 30 секундийн хугацаанд ийнхүү уран нугаралтын үзүүлбэр толилуулсан юм.  


Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтаас дурдвал мисс А.Сарнай шилдэг 25 мисс, мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байв.

Холбоотой мэдээ