Б.Баярмаа: Нэг хүн 18 ширхэг мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чаддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-15 17:05:16

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн мэргэжилтэн Б.Баярмаатай “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлуудын талаар ярилцлаа.


өрийгөө танилцуулаач?

-Намайг Багаахүүгийн Баярмаа гэдэг. 2015 онд Ховд Их сургуулийг “Ойжуулагч” мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгсөж ирээд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “Ойн мэргэжилтэн”-ээр ажиллаж байна.

-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт ямар ажил хийх вэ?

-Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 6-р зорилго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах үүднээс Увс аймагт 20 сая мод тарих буюу “Хоёр живаа харгай” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж эхлээд байна.

-Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-“Хоёр живаа харгай” хөтөлбөр энэ оны 3-р сарын 3-ны өдрийн аймгийн ИТХ-аар батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван үе шатыг тодорхойлсон байгаа. Үүнд: Нэгдүгээр үе шат буюу 2022-2024 онд хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангаж, ажлыг эхлүүлэх, тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Хоёрдугаар үе шат буюу 2024-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Гуравдугаар үе шат буюу 2028-2030 онд тарьсан модыг арчлах, ургалт өсөлтийг дэмжих ажлууд хийнэ.

Ойрын хугацааны ажлаас дурдвал аймагт мод, бут, сөөгний тарьц суулгац бэлтгэн нийлүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Мод тарихад бэрхшээлтэй зүйл юу байна?

-Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих сонирхолтой болж, модны ач тусыг ойлгож байгаа нь сайшаалтай. Гэхдээ үртэй, үндэстэй бүхэнд арчилгаа зайлшгүй шаардлагатай байдаг. Мод тарихын гол утга учир нь арчилгаа. Сэтгэлээсээ арчлаад байвал мод өнгөө засаад, үнэр анхилам болоод бид бүхэнд маш их цэвэр агаарыг бэлэглэдэг. Тиймээс мод, бут тарих гэж байгаа иргэд эхний ээлжинд усалгааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Усны эх үүсвэрээ худгаас зөөврөөр услах уу, усалгааны систем бий болгох уу, байгалийн усыг хэрхэн нөөцөлж авах вэ гэх мэтчилэн усалгаагаа цаг алдахгүй хийх боломжийг судалж мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах хэрэгтэй.

-Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Усалгааны асуудлыг шийдэж болох аргууд бас байна, туршаад хэрэглээд явж байгаа, сайн жишээнүүд олон байна. Тухайлбал, цас, борооны усыг нөөцлөх нь хамгийн үр дүнтэй арга юм.

-Увсынхан чацаргана их тариалдаг. Чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа юу?

-Ерөнхийдөө манай аймгийн нүүр хуудас бол “Чацаргана” жимс. Үүний ач холбогдлыг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх байх. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зөвхөн гоёлын мод, бут, сөөгийг тариад зогсохгүй жимсний мод, бут, сөөгийг тарих юм. Ингэснээрээ тухайн модыг тарьж амьдрал ахуй, өрхийн орлогоо нэмэгдүүлж явдаг иргэдээ дэмжих олон сайхан ажил хийхээр яригдаж байгаа.

Миний зүгээс мод тарих сонирхолтой хүмүүст нээлттэй зөвөлгөө өгдөг “Увс бяцхан модоо амьдруулцгаая” группийг ажиллуулаад явж байгаа. Урин дулаан цаг ирж тариалалт эхэлмэгц үлгэр дуурайлал болсон хүмүүстэйгээ хамтарч мод тарих зөвлөмжүүдийг видео хэлбэрээр хүргэхээр төлөвлөж байна.

-Ард иргэд, сумд, албан байгууллагууд тус хөтөлбөрийн хүрээнд юу хийх вэ?

-Ард иргэдийн хувьд амьдарч буй хашаа, эдлэн газартаа чадах чинээгээрээ мод тарих хэрэгтэй. Модыг тарихдаа зүгээр л нэг тариад орхих биш арчлах, ургуулах, үр хойчдоо модны ашиг тусыг зааж өгөх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гадна талбайгаа тохижуулж, өнгө үзэмжийг нь сэргээж, мод тарих ажлыг үр дүнтэйгээр явуулах хэрэгтэй. Мөн уул уурхай, ашигт малтмалын компаниуд, хууль хүчний байгууллагууд цөлжилтөд нэрвэгдсэн газрууд ойн зурвас байгуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй.

Тэрчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн ухамсраар мод тарих аянд нэгдэх хэрэгтэй байна. Мод тарихын ач тусыг ойлгосон байхад ирээдүй хойч үе маань мод тариад, арчлаад, хамгаалаад явах байх аа.

-Нэмж хэлэх зүйл юу байна?

-Нэг хүн 18 ширхэг мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чаддаг гэдэг. Иймээс хүн бүхэн өөрийн боломж нөөцөөрөө мод тарьж, арчилж, ургуулж үр хойчдоо эрүүл орчин, зөв дадлыг үлдээхийн төлөө зүтгэцгээе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ