Аялал жуулчлалын тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аялал жуулчлалын тухай хууль" тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт улсын
хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 58 зочид буудлын бизнес эрхлэгчид танхимаар
болон цахимаар оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам, хууль
тогтоомжийг сайжруулах чиглэлээр саналаа солилцов.
Оролцогчид аялал жуулчлалын тухай болон бусад хууль тогтоомжид дараах шинэчлэл, өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, аялал жуулчлалын сан байгуулах эх үүсвэр бүрдүүлэх, сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг хянах эрх зүйн орчин бий болгох, сангаар дамжуулан боловсон хүчин бэлтгэх, зочлох үйлчилгээний салбарын мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, Монгол Улсыг гадаадад сурталчлах маркетинг хийх зэрэгт зарцуулах хэрэгтэй гэж байв.
Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр энэ үеэр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх, хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд “илүү цаг, 7 хоногийн амралтын өдөр, шөнийн цаг, нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны нэмэгдэл хөлс” гэсэн хэсэгт аялал жуулчлалын салбарын онцлогт тохируулсан зохицуулалтыг нэмэх боломжийг судлах, аялал жуулчлалын үйлчилгээ авсан жуулчин, зочдоос тухайн үйлчилгээтэй холбоотой үнэлгээ, санал, гомдол гаргах, түүнийг шийдэх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн, зочлох
үйлчилгээний салбарт гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын
байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл, индексэд “зочлох үйлчилгээ”-ний
салбарын мэргэжлийг нэмэх санал
гарган хэлэлцүүллээ.
Дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа
шинжилгээний байгууллага,
хөтөч, тайлбарлагчдын оролцоотой зохион байгуулах аж.