Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард Сэлэнгэ аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын
тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын ордонд боллоо.
Тэмцээнд бүс бүсээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг М.Уранбаяр ахлагчтай Мандал III сургуулийн баг, дэд байрт Б.Билэгт ахлагчтай Ерөө ЕБС-ийн баг, гутгаар байрт Б.Дэлгэрдалай ахлагчтай Мандал I сургуулийн баг тус шалгарлаа.
Мөн эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Б.Пүрэвжав ахлагчтай Бэлчир бүсийн I баг, дэд байрт Д.Цэлмэг ахлагчтай Мандал III сургуулийн баг, гутгаар байрт М.Анужин ахлагчтай Сайхан сумын Хөтөл спорт цогцолборын баг тус тус шалгарчээ. Тэмцээний хаалтын үеэр аймгийн волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат оролцогчдод баяр хүргэж үг хэлэхдээ Ерөө суманд волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж хичээллүүлнэ гэдгээ хэллээ. Түүнчлэн ирэх 4-р сард зохион байгуулах Улсын аварга шалгаруулах өсвөрийн волейболын тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар боллоо.












