Хорих ангийн ажилтан болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-07 17:36:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдний хүүхдүүдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. 


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хорих байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээтэй танилцах үеэрээ “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байх ёстой.  Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан. Мөн НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь нийгмийн эмзэг, орхигдсон хүн амын бүлгүүдэд чиглэсэн стратегийг баримтлах хэлбэрээр хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангахаар тунхагласан.



Миний бие эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй үйлчилгээгээр хүн амыг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломж хүн бүрд нээлттэй байх ёстой, чанартай тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх хууль эрх зүйн орчныг цогцоор нь хийх ёстой гэдэгт эмч хүний хувиар анхаарал хандуулж, хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байна.  Хорих ангийн ажилтан, албан хаагчид ажлын онцлог байдлаас шалтгаалж тэр бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаад явж чаддаггүй. Эрх нь хязгаарлагдсан эмэгтэйчүүд ч мөн адил. Тиймээс санаачилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, үзлэг, шинжилгээ хийж буй эмч нартаа баярлалаа. Эрт илрүүлгийн арга хэмжээ зохион байгуулснаар нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна” гэв.



Хоёр өдөр эмч нар ЭХО, эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн шаардлагатай үзлэг, шинжилгээнд 250 гаруй хүмүүжигч, албан хаагчийг хамруулахаар төлөвлөжээ. Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Амгалан амаржих газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй юм байна. 


Холбоотой мэдээ