Хошууч генерал Б.Амгаланбаатар Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-02 16:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар энэ сарын 1-2-нд Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байна.


Мөн тэрээр харьяа бүх нэгтгэл, ангиуддаа ажиллах бөгөөд энэ нь 2021-2022 оны сургуулийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилт, цэргийн байр, бусад объектуудын нөхцөл байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнд штабын бэлтгэлжилт, бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, нийгмийн хамгаалал, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, хөдөлмөр хамгаалал зэрэг олон сэдвээр үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаагаа тодотгох аж.


Хуурай замын цэргийн командлагчийн хамт ХЗЦК-ын ажлын хэсгийнхэн ажиллаж, нэгтгэл, ангиудын ар тал, ахуй хангалт, удирдлагын баримт бичиг боловсруулалт, нууц хадгалалт, хамгаалалт, цэргийн сургалт бэлтгэлийн явц зэрэгтэй танилцаж байна.


Хошууч генерал Б.Амгаланбаатар өчигдөр тус ангид ажиллахдаа олон чухал асуудлыг хөндөж ярилцсаны дотор зэвсэглэл техникийг хадгалалтаас үе шаттайгаар гаргах, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор 60 айлын орон сууц барих тухай ангийн удирдлагуудтай ярилцсан юм. Өнөөдөр ажлын хэсгийнхэн сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа тус ангийн хээрийн гаралт, полигоны дадлагатай танилцаж байгаа ажээ.







Холбоотой мэдээ