Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 13 удаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-28 17:31:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд цаг агаарын хуурайшилтыг бууруулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг нийт 13 удаа хийжээ.

Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх ажлын нэг хэсэг нь үүлэнд зориудаар  нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал  ургамлын  ургацыг нэмэгдүүлэх. Усан  сан, гадаргын  усны нөөцийг тэтгэх, таримал  ургамлыг  мөндрөөс  хамгаалах. Хүн, газрын техник  хүрч  ажиллахад  хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраах үйл ажиллагаа  юм. Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ний реагент /найрлага бүхий бодис/-ыг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцлийг бүрдүүлэхийг хэлдэг.

Тус аймгийн хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн нийт  10 удаа, газрын генератор гурван удаагийн үйл ажиллагааг явуулсан. Хур тунадасны хазайлтыг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд аймгийн нутгаар тав, зургаадугаар саруудад олон жилийн дунджаас бага. Дөрөв, долоо, наймдугаар саруудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлснээр Богдын гол, Гацаа, Галуутай, Тайшир, Идэр-Тосонцэнгэлийн усан цахилгаан станцуудын хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хур тунадас нэмэгдүүлж өгснөөр зуншлагын байдал нийт нутгаар бэлчээрийн ургамлын гарц сайжирч ургамлын дундаж өндөр 5-25см, ургамлын ургалтын байдал аймгийн хэмжээнд 100 буюу үүнээс 80 хувь нь сайн, 20 хувь нь хэвийн үнэлгээтэй байсан. Харин энэ жилийн тухайд цаг агаарын урьдчилсан төлөв байдлын судалгааг хийж байгаа гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ