Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 10:19:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзав. 


Уулзалтаар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай санал солилцжээ.


Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум хоорондын Хамтарсан комиссын дүрмийн төслийг талууд зөвшилцөн гарын үсэг зурахад бэлэн болж буйд монголын тал талархалтай байгааг Элчин сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.


Тэрбээр, дүрмийг энэ оны эхний хагас жилд багтаан баталж, комиссын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой зарчмын асуудлаар ОХУ-ын Төрийн Думын орлогч даргатай ярилцаж, тодорхой ойлголцолд хүрснийг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Холбоотой мэдээ