"Рио-2016"-гийн нээлтийн ёслолд 45 орны удирдагчид оролцоно

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-07-24 11:37:05

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Рио-де-Жанейро хотноо болох Олимпын наадмын нээлтийн ёслолд 45 орны төр, засгийн газрын тэргүүн нар, тэдний дотор Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцоно гэж Бразилын Засгийн газар мэдэгдлээ.

Наймдугаар сарын 5-нд болох Олимпын нээлтийн ёслолд Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Парагвайн Ерөнхийлөгч Орасио Картес, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци тэргүүтэй гадаадын удирдагчид оролцоно гэж албаны хүмүүс хэлэв.

Удирдагчид Маракана цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслолд оролцохынхоо өмнө Рио-де-Жанейро хотын төв дэх ГХЯ-ны төв байранд уулзалт хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Жозе Серра хэллээ.

Сайд Серра хэлэхдээ “манай улс түүхэндээ хамгийн олон цэрэг, цагдаагийн албан хаагчийг хамгаалалтад гаргах гэж байна” гэв.

Наймдугаар сарын 5-21-нд Олимпын наадмын үеэр “Лондон-2012”-ынхоос хоёр гаруй дахин олон буюу 88 мянган цэрэг, цагдааг хамгаалалтад гаргах юм.

Мөн Рио-де-Жанейрод терроризмтой тэмцэх ажлын хүрээнд 100 гаруй улсын тагнуулын байгууллагууд Бразилын цагдаа болон зэвсэгт хүчнийхэнтэй хамтран ажиллаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ