Буяны байгууллага, сургуулиудыг хаахыг Эрдоган үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-24 11:36:33

АНКАРА. /NHK/. Төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан онц байдлын дэглэм тогтоосноор Туркийн Засгийн газар хэдэн мянган буяны байгууллага болон хувийн сургуулийг хаахыг үүрэг болгожээ.

Америкт байгаа лалын шашны номлогч Фетулла Гулленыг дагагчдыг онилсон анхны зарлигийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр гаргажээ. Долдугаар сарын 15-ны цэргийн эргэлт хийх оролдлогыг Ф.Гуллен зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм.

Уг зарлигийн хүрээнд 1200 гаруй буяны байгууллага, сан болон 1000 гаруй хувийн сургуулийг хаах ажээ.

Тэдгээрийн дунд байгалийн гамшигт өртсөн хүмүүст, тухайлбал 2011 онд Японд болсон цунами болон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст идэвхтэй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн “Kimse Yok Mu” тусламжийн байгууллага байна.

Мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийсэн аливаа байгууллагатай холбоотой төрийн албан хаагчдыг ажлаас нь халахыг уг зарлигт тусгажээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ