Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах тооцоо, технологийн боловсруулалтыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-23 12:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ы хүрээнд “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг  татан гаргах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болж байна.


Хуралдааныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн удирдаж байна. Тэрээр “Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны талаар танилцуулав. Хуралдаанаар, ШУТИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) П.Өлзийсайхан “Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах инженерийн тооцоо, технологийн боловсруулалт”, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг “Татан гаргах ажиллагаанд Батлан хамгаалах салбарын оролцоо” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж байна.




Мөн ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Базаррагчаа “Хөвсгөл нуур орчмын нутаг дэвсгэрт учирч болзошгүй гамшгийн эрсдэл”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна. Тус салбар хуралдаанаас зөвлөмж гарган “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-д нийтэд нь танилцуулах юм. 

Холбоотой мэдээ