Г.Цэрэндулам: Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний лаборатори
цогцолбор 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндуламтай ярилцлаа. Тус хамт олон
бүтээлч, шинэлэг ажил, амжилтаараа 2021 оны “Аймгийн оны тэргүүний төрийн
үйлчилгээний байгууллага”- аар шалгарсан юм.
-Энэ
хичээлийн жилд танай хамт олон ямар зорилго, зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-2021-2022
оны хичээлийн жилд Улсын тэргүүний лаборатори цогцолбор 1 дүгээр сургуульд 2902
сурагч суралцаж байна. Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон цахим
хосолсон хэлбэрээр 5/9 зарчмыг мөрдөн явуулсан. Энэ сарын 14-нөөс 100 хувь
танхимын хичээл сургалт эхэлсэнтэй холбогдуулан анги танхимыг халдваргүйжүүлэх,
багш нар хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулах зэргээр зохион байгуулалтын
ажлууд хийсэн. Энэ хичээлийн жилд манай хамт олон “Хүүхдийн сурах үйлийг
дэмжих, хичээл сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулах” зорилго
дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд олон бүтээлч, шинэлэг ажлыг хийсний үр
дүнд бар жилийн босгон дээр “Аймгийн оны тэргүүний төрийн үйлчилгээний
байгууллага”-аар шалгарлаа. Энэхүү амжилт бол багш, сурагчид болон бидэнтэй
хамтарч ажилладаг төр, захиргааны байгууллагууд, эцэг эхчүүдийн хамтын
ажиллагааны ажлын үр дүн гэдгийг онцлон хэлье.
Увс нутгийн ууган сургууль 96 жилийн түүхийг
бүтээх хугацаандаа 1999 оноос хойш “Аймгийн оны тэргүүний үйлчилгээний
байгууллага”-аар 5 удаа, “Аймгийн боловсролын тэргүүний байгууллага”-аар 6 удаа
шалгарч, 2016 онд “Улсын тэргүүний сургууль”, 2017 онд Монгол Улсын төрийн дээд
шагнал Алтан гадас одонгоор шагнуулсан.
-Цаг
үеийн хувьд багш нар цахимд суурилсан шинэлэг аргазүйг ашиглах шаардлага
тулгарч байна?
-Цахим
хичээлийн хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд аймагтаа анхлан “MS Office 365”
багц программын албан ёсны эрхтэй хэрэглэгч сургууль болж чадсан. Багш,
сурагчид албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглаж, үүлэн шийдэл буюу Cloud
үйлчилгээнд суурилсан Microsoft Office 365 багц программыг өдөр тутмын хичээл
сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. Бага ангийн багш нар
тeams программаар 580 цагийн цахим хичээл, сурагчдын суралцах идэвх, хөгжлийг
дэмжих 102 удаагийн интерактив дасгал даалгавар боловсруулан 215 цагийн
хичээлийг ангийн цахим хаягт байршуулсан. Мөн ахлах, дунд ангийн багш нар анги
бүрийн судлагдахуунаар 329 цахим хичээл, 79 рowerpoint, нийт 408 цахим
хичээлийн сан бүрдүүлээд байна.
-Чадварлаг
багш ирээдүйн боловсролын үрийг тарьдаг. Багшийн хөгжилд хэрхэн анхаарч байна
вэ?
-Сургалтын
чанарыг ахиулах, хүүхдийг хөгжүүлдэг багшийг төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг
дэлгэрүүлэх, ажлын бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгох зорилтын
хүрээнд 5 үйл ажиллагааг төлөвлөн ажилласан. Чадварлаг багшаас сайн шавь,
ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэгдэн гардаг. Иймд багшийн хөгжлийн хүрээнд
сургалт зохион байгуулах, ээлжит хичээлийн төлөвлөлтийг сайжруулах, интерактив
хичээлийн уралдаан, итгэл хэлэлцүүлэх, сайн багшийн туршлагыг түгээн
дэлгэрүүлэх, суралцахуйг дэмжих үйлээр дамжуулан төлөвшил хандлагыг зөв
чиглүүлэх зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулсан. Улмаар оны төгсгөлд сайн
ажилласан, амжилт гаргасан багш нараа шагнаж урамшууллаа. Ялангуяа багшийн
хөдөлмөрийг үнэлэх, тэднийг урамшуулан жил тутамд шилдэг ажилчдыг амралт,
сувилалд амраах, байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхээр шагнадаг.
Мөн “Хөгжье, дэмжье, урамшуулъя” аяны
хүрээнд ЭЕШ-ын амжилт ахиулсан, хөтөлбөр төлөвлөлтөө сайжруулсан, анги танхим,
сургалтын таатай орчин бүрдүүлсэн, идэвх оролцоогоор манлайлсан багш, хамт олны
бүтээлч санаачилгыг сурталчиллаа. Нийт 40 багш сайн туршлагаа түгээн
дэлгэрүүлсэн. Хүүхэд бүрийг ЭЕШ-д амжилт гаргах, аль болох олон хүүхдийг 800
оноо авахуулахын төлөө багш нар хичээж байна. Дан ганц шалгалтын оноо бус
тухайн хүүхэд ирээдүйд ямар мэдлэг боловсролтой, мэргэжилтэй болох гээд цогц
асуудалд нь анхаарч ажилладаг. Өнгөрсөн хичээлийн жилд 7 сурагч 750-иас дээш
оноо авсан. Мэдээж багш, сурагчдын амжилтыг алдаршуулах, урамшуулах “Амжилт
бахархлын өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэрчлэн хичээлийн
жил бүр “Гурван үеийн багш нарын уулзалт” арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн
нь ахмад, залуу багш нарын залгамж холбоо нэмэгдэж, тэднээс суралцах бүтээлч
ажлын нэг болсон байна.
Боловсролын чанарын шинэчлэл “Сургуулийн
тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд бага ангийн багш нарын МХТ-ийн чадварыг
хөгжүүлэх, монгол хэлний хичээлийн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах зорилгоор
“Интерактив хичээл-Сурлагын ахиц” төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Залуу багш
нар хамтран 5 хичээл бэлтгэж, интерактив хичээлийн уралдаанд оролцлоо. Энэ
хичээлийн жилийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны 1-р шатанд 15 илтгэл
буюу нийт 29 багш илтгэлээ хэлэлцүүллээ. Жилээс жилд багш нарын оролцоо,
ялангуяа залуу багш нарын оролцоо нэмэгдсэнээр илтгэл бичих чадварт ахиц гарч
байна.
-Сургалтын
чанараас гадна хүүхдийг төлөвшүүлэх ажлыг хэрхэн явуулдаг вэ?
-Сурагчдын
төлөвшил, харилцаа хандлага, эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн дадал хэвшлийг
бий болгох зорилгоор жил бүр “Зөв хандлага-Зөв хүүхэд” уриатай ажлыг зохион
байгуулж байна. Хамгийн чухал нь сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөөг үзүүлэх,
сургуулийн орчинд зөв харилцаа, хандлагыг төлөвшүүлэх ажилд сэтгэл зүйч,
нийгмийн ажилтан, багш нар маань хамтран ажиллаж байна. Энэ хичээлийн жилд
ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж байгаа.
Хэрэгцээ шаардлага талаасаа манай сургууль өмнө нь сэтгэл зүйч ажиллуулж
байсан.
Сургалт хүмүүжлийн ажлаас гадна “Ёс
уламжлалаа өвлөн дээдэлье” ажлын хүрээнд залуу багш нар маань бүтээлчээр
ажилласан. Тухайлбал Монгол хэлний ЗАН-ийн багш нар нутаг усныхаа түүх домог,
дурсамж яриаг хойч үедээ таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор “Домог хууч яриа
өв уламжлал” видео бичлэг хийж CD бичүүллээ. Үүнээс гадна хүүхдийг бага наснаас
нь байгалиа хайрладаг, хогоо ангилдаг, дахивар хогийг дахин ашиглах дадалтай
болгоход анхаарч байна. Манай сургууль нь улсын хэмжээнд байдаг ЮНЕСКО-гийн
холбоот 12 сургуулийн нэг. Холбоот сургуулиудын дунд зарласан “Trash hack”
аяны хүрээнд хог хаягдлыг бууруулах төсөл бичиж, санхүүжилт авсан. Сурагчдад
хог ангилах, дахивар хогийг хэрхэн ашиглах талаар сурталчилж, хог ангилан хаях
8 ширхэг хогийн сав байршуулсан. Мөн “Зөв ангилъя-дахин ашиглая” бүтээлийн
уралдаан явуулж, үзэсгэлэн гаргасан нь аймгийн хэмжээнд бусад албан
байгууллагуудад үлгэрлэсэн бүтээлч ажил болсон.
-“Үдийн
хоол хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаах хүн олон байна?
-“Үдийн
хоол” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 1372 хүүхэд хамрагдаж байна. Эрүүл, зөв
хооллолтыг бага наснаас нь хэвшүүлэх нь хүүхдийн биеийн хөгжил, эрүүл мэндэд
нэн чухал. Иймд долоо хоногийн хоолны цэсэндээ сүү цагаан идээ, жимс жимсгэнэ,
хүнсний ногоог тогтмол хэрэглэдэг. Долоо хоногийн нэг өдөр цагаан идээ, 4 өдөр
нь хүүхдийн хоолны иж бүрдэлээр үйлчилж байна. Өмнө нь үдийн цай хөтөлбөрийн
хүрээнд нэг хүүхэд 900 төгрөгөөр үдийн цай уудаг байх үед бид дотоод нөөц
боломжоо ашиглан долоо хоногт 2 удаа үдийн хоол өгдөг байсан туршлага бий.
Өдгөө үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн нь бусад сургуульд
үлгэрлэл болж байна. Иймд аймгийн хэмжээний сургуулиудын тогооч нарт сургалт
зохион байгуулж, эцэг эхчүүдийн дунд хоолны үзэсгэлэнгээ гаргасан. Манайх
лаборатори сургууль учир бусадтай сайн туршлага, ололт амжилтаа хуваалцах,
бусдаас суралцахыг чухалчилдаг.
-Өнгөрөгч
оны онцлох амжилтуудаас дурдвал?
-2021-2022
оны хичээлийн жилд ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч хамт олон маань “Аймгийн оны
тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага”-аар, түүх, нийгмийн багш Б.Өлзийтэгш
“Аймгийн оны тэргүүний боловсролын ажилтан”-аар, 12б ангийн сурагч Л.Сод-Эрдэнэ
“Аймгийн оны тэргүүний тамирчин сурагч”-аар, бага ангийн багш С.Ганцэцэг “Сумын
аварга багш”-аар, 8д ангийн сурагч Б.Цолмон “Сумын авьяаслаг сурагч”-аар тус
тус шалгарч, “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилээ амжилтын дээдээр угтлаа.
Цар тахлын жил хэдий ч цахим уралдаан,
олимпиадад багш, сурагчид маань чамгүй их амжилт гаргалаа. Тухайлбал “Хүүхдийн
дууны шинэ бүтээл шалгаруулах” улсын цахим уралдаанд багш Ц.Бат-Эрдэний ая,
сурагч Г.Далайцэрэнгийн үг “Шагайгаар тоглоё” бүтээл 3-р байр эзэллээ. “History
and social study” цахим олимпиад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд улсын
хэмжээнд нээлттэй зохион байгуулсан түүхийн уралдааны “Түүх-сурагч” төрөлд
11д ангийн сурагч Б.Тэмүүлэн 3-р байр, “Түүх-багш” төрөлд багш Б.Өлзийтэгш 1-р
байр эзэлсэн. Мөн оны төгсгөлд Баян-Өлгий аймагт болсон математикийн олимпиадад
манай сургуулийн багш, сурагчид 1-р байр эзэллээ. Монгол хэл бичгийн багш
У.Дүншиг “Үндэсний шилдэг” 50 багшийн нэгээр шалгарсан, “Монголын сайхан
бичигтэн” улсын уралдааны багшийн төрөлд монгол хэл, бичгийн багш Ш.Ширнэн
тусгай байр, 12б ангийн сурагч Ж.Цэнгэл “Шилдэг-6”-д шалгарч, МУБИС-д монгол
хэлний мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон зэрэг амжилтыг гаргаад
байна.
-Таны
хувьд олон жил удирдах ажил хашиж байна. Ямар зарчмаар ажилладаг вэ?
-Би
боловсролын салбарт 31 дахь жилдээ ажиллаж байгаагаас 50 хувьд нь удирдах ажил
хийж байна. Сайхан хамт олныг бүрдүүлэх нь удирдлагын гол менежмент гэж боддог.
Улс орны хөгжилд хүний хөгжил чухал байдаг шиг хамт олны амжилт, хөгжлийн төлөө
тэдэнтэй хамтарч, нэг баг болж ажиллах нь чухал. Багш нэг бүрийн ур чадвар, давуу
тал дээр тулгуурлаж, нэг баг болж ажилладаг маань аливаа ажил урагштай явахад
нөлөөлдөг байх. Мөн эмэгтэй хүний хувьд дайчин байж, бусдыгаа бүх зүйлд
манлайлах, үлгэрлэх, аливаа ажлыг хий гэж шаардахаас илүү хийх арга, санал
санаачилгыг нь чиглүүлээд явах нь амжилтад нөлөөлдөг юм. Мөн хүний амжилтыг
шударгаар үнэлж урамшуулах, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч
ажилладаг.
-Ярилцсанд
баярлалаа.