Санхүүгийн тайлангаа хугацаандаа хүргүүлээгүй 85 ХК байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-18 14:55:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны дотор Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэх хуулийн хугацаат шаардлагатай. Ингэснээр олон нийт болон хувьцаа эзэмшигч нарт үйл ажиллагаа, санхүүгээ тайлагнаж, ногдол ашгаа хуваарилах эсэхээ мэдэгддэг. 

Тайлан хүлээн авах хугацааг энэ оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 179 хувьцаат компаниас 91 нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын жишгийг хангаж Монголын Хөрөнгийн биржид санхүүгийн тайлангаа ирүүлжээ. Харин 85 компани хуулийн хугацаандаа үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна.


Бүртгэлтэй 179 ХК-иас 91 нь хуулийн хугацаанд тайлангаа ирүүлжээ.


Хуульд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулав. Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.

Холбоотой мэдээ