Дөрвөн уулзварт баруун эргэх дүрэм мөрдөгдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-16 19:28:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Дархан сумын зарим уулзварын хөдөлгөөн зохицуулалтыг шинэчлэн баруун гар тийш эргэх эргэлтийг нээлттэйгээр зохион байгуулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасагт дээрх үүргийг өгч  зохицуулалт хийхийг даалгалаа. Энэ дагуу Дархан сумын хэмжээнд буй 16 уулзвар тус бүрт Замын хөдөлгөөний дүрэм, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ямар боломж буйг судалсан аж. Замын хөдөлгөөний дүрмийн 8.12 дахь хэсэг, 15.5 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн уулзварт жолооч баруун гар тийш эргэх боломжтойг тогтоосон байна.

Үүнд: DBS-ийн уулзвар, Хараагийн уулзвар, 25 дугаар хорооллын урдах уулзвар, Монгол алтны дөрвөн замын уулзвар багтжээ.

Дээрх дөрвөн уулзварт баруун гар тийш эргэх гэрлэн дохиог байнгын асаалттай горимд шилжүүлэн, явган зорчигч, бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх, аюулгүй байдлаа ханган баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийх юм. Мөн энэхүү уулзваруудад нэмэлтээр замын тэмдэг тэмдэглэгээг шинээр суурилуулах ажлыг энэ 7 хоногт хийж, ирэх даваа гараг буюу 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн жолооч баруун гар тийш эргэх журмыг мөрдөх боломжтой ажээ. Ингэснээр тухайн уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж хөдөлгөөний ачааллыг бууруулах давуу тал бүрдэх аж.

Холбоотой мэдээ