Вируст гепатитын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг ДЭМБ уриаллаа

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-07-22 12:07:05

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Жил бүр 1.45 сая хүний аминд хүрч буй вируст гепатит өвчинтэй тэмцэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ улс орнуудад хандан уриалаад, энэ өвчнийг судалж, эрт оношлох нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

7 дугаар сарын 28-нд болох вируст гепатиттай тэмцэх Олон улсын өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын хөтөлбөр хариуцсан захирал Стефан Виктор сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж чадваас энэ өвчнөөр нас барах эрсдэлд ороод буй 7 сая орчим хүнийг 2030 оноос өмнө аварч чадна” гэдгийг онцлон дурдав.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, гепапит бол A, B, C, D болон E гэсэн гол таван вирусээр үүсдэг элэгний архаг үрэвсэл юм.

2030 он гэхэд гепатитын халдвар шинээр авагсдын тоог 90 хувиар, энэ өвчнөөр нас барагсдын тоог 60 хувиар бууруулах зорилтыг ДЭМБ тавьжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ