Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг шалгуулахаар АТГ-т хандлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-15 16:26:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээ мэдээллийн nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрлөөр "Паразит" хэмээх нэвтрүүлэг бэлтгэх явцад цуглуулсан баримтууддаа тулгуурлан Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнөөдөр хандлаа.


Тэрээр өргөдөлдөө, "АТГ-ын дарга, тэргүүн комиссар Ш.Дашдаваа танаа,

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах тухай,

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "Эрхга" ХХК-тай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөөс 2015-2021 оныг дуусах хүртэл хугацаанд 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг Түрээсийн гэрээний хамт албан ёсоор хүргүүлж байна.

Тэрбээр 2015-2021 онд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ дээрх хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдэгт итгэж байна.

Ж.Соронзон захирал нь төрийн өмчийн сургуулийн данснаас дээрх их хэмжээгий мөнгийг шамшигдуулан завших үйлдлийг хийхдээ дараах маш ноцтой зөрчлийг гаргасан байна. 

  1. Монгол Улсын төрийн хянаж шалгах байгууллагуудын ажилтнуудыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх, өөрийн гэм буруутай үйлдлийг нуун дарагдуулах зорилгоор өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн овгийг зориудаар өөрчилж гэрээ байгуулсан.
  2. "Эрхга" ХХК-ийн захирал Ж.Содбилэгт болон тус компанийн нягтлан бодогч Болормаа нарын гарын үсгийг өөрийн удирдлага доорх хүмүүсээр хуурамчаар дуурайлган зуруулж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх гэмт үйлдлийг бүлэглэн үйлдсэн.
  3. "Эрхга" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрийг зах зээлийн үнэлгээнээс 3-5 дахин их  үнээр тогтоосон.
  4. Эрхга ХХК-ийн талбайг түрээслэх сонгон шалгаруулалтыг сонгон шалгаруулалт, тендер зарлахгүйгээр шууд байгуулсан.
  5. Өөрийн нөхөртэй сургалтын гэрээ байгуулж, сар бүр 4.5-10.8 сая төгрөгийн цалин олгодог зэрэг олон зөрчил гаргасныг хуульд заасны дагуу шалган тогтоож гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно хэмээн итгэж байна” хэмээжээ.

Ташрамд дурдахад, Ж.Соронзон нь 3-р сургуулийн спортын талбайд барилга барих зөвшөөрлийг хууль бусаар олгохын сацуу, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгттэй тус орон сууцанд түрээсийн гэрээ байгуулан жилд 1 тэрбум хүртэл төгрөгийг олгодог байсан ба нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулдаг байсан бол, тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн тус гэрээг 5 жил хүртэл хугацаатай байгуулсан талаар дээрх нэвтрүүлгээр дурдаж байсан юм.

Холбоотой мэдээ