Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-08 16:26:35

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 он гарсаар объектын гал түймрийн таван дуудлага ирж иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учирчээ. 

Тиймээс иргэдийг цахилгааны хэт ачаалал үүсгэхээс урьдчилан сэргийлэх. Пийшин, зуухны аюулгүй байдлыг ханган бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Объектын гал түймрийн дуудлага нь өвлийн улиралд их ирдэг. Тиймээс иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд дараах зүйлсийг онцгойлон анхааруулж байна.

Галтай хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх. Мөн гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг дахин анхааруулж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Хол замд явахдаа автомашин техникийн бэлэн байдлыг хангахыг сануулав

Аймгийн Онцгой байдлын газраас цагаан сарын баярын үеэр аврах ажиллагааны дуудлагаар ажиллалаа.

Тодруулбал, Тосонцэнгэл сумын Оргих багийн “Улаан толгойн шил’’ гэдэг газар 99-87 УНЗ улсын дугаартай “HINO” загварын таван тоннын даацтай ачааны автомашин замын хажуу руу орж явах боломжгүй болсон. Тухайн дуудлагаар очиж ажиллан аюулгүй болгон тус автомашины жолоочид хүлээлгэн өглөө. Тосонцэнгэл сумын хэмжээнд хүйтний эрч чангарч шөнөдөө -38-40 хэм, өдөртөө -27 градус хүрч байгаа тул иргэд аян замдаа гарахдаа автомашин техникийн бэлэн байдлыг хангах. Ялангуяа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг харж замд гарах. Хол замд явахдаа дулаан хувцаслан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна гэв. 

Холбоотой мэдээ