ОХУ-ын ажиллагааг Иран дэмжиж байна

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-02 10:49:31

ТЕГЕРАН. /Xinhua/. Сири дэх терроризмтой тэмцэхээр явуулж буй ОХУ-ын армийн ажиллагааг Иран дэмжиж байна гэж тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдэв.

Сирийн Засгийн газрын албан ёсны хүсэлтийг харгалзан үзэж тус улс дахь террорист бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаа явуулж буй ОХУ-ын байр суурийг Иран хүлээн зөвшөөрч байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Марзие Афкам мэдэгдсэнийг "IRNA" агентлаг уламжилжээ.

ОХУ-ын энэ ажиллагааг тус бүс нутаг дахь хямралыг зохицуулах арга замын нэг хэлбэр гэж Иран үзэж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Ирак, Сири дэх терроризмыг устгахад тус хоёр улсын Засгийн газруудтай хамтран ажиллахыг тэрбээр олон улсад уриалсан байна.

Мөн тэрбээр, бүс нутаг, дэлхийн аюулгүй болон тогтвортой байдалд заналхийлж буй терроризмтой тэмцэж, үндсээр нь устгах ёстой гэж мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины дэвшүүлсэн, цэрэг илгээх саналыг тус улсын парламентын дээд танхим баталснаар, ОХУ Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өнгөрсөн лхагва гарагаас цохилт өгч эхэлсэн билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд