Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-28 16:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр утсаар ярьж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д удахгүй хийх ажлын айлчлал болон “Бээжин-2022” XXIV өвлийн олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд нар, Монгол Улсын “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан үндсэн зорилтууд болон БНХАУ-ын “14-р таван жилийн төлөвлөгөө”, “Бүс ба зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-д тусгагдсан зорилтуудын харилцан уяалдааны талаар төр засгийн өндөр дээд түвшинд нэгдсэн ойлголцолд хүрэхийн чухлыг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн ажлын айлчлалыг үр дүнтэй зохион байгуулж, хоёр талын харилцаанд ахиц гаргах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Олимпын наадмын нээлтэд оролцохоо хамгийн түрүүн илэрхийлсэн гадаад орны төр, засгийн удирдлагуудын нэг гэдгийг онцолж, БНХАУ-ын Засгийн газар чухалчлан үзэж буйг дурдав.

Холбоотой мэдээ