Киргиз, Тажикистан гал зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-28 11:00:14

БИШКЕК. /RIA Novosti/. Киргиз, Тажикистан улсуудын төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрч, хилийн мөргөлдөөн болсон газраас нэмэлт хүчээ татахаар тохиролцжээ.


Энэ тухай Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн алба баасан гарагт мэдээлсэн байна. 


“Талууд гал бүрэн зогсоож, хилийн бүсээс цэрэг, зэвсгээ татах, Баткен-Исфана авто зам дагуух хөдөлгөөнийг нээх, хуулийн дагуу эргүүл хийх, дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Киргиз, Тажикистаны хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд хил орчмын бүс нутагт хамтарсан эргүүл хийх талаар тохиролцлоо" гэж мэдээлэлд дурджээ.


Хилийн албанаас мэдээлснээр, хоёр улсын төлөөлөгчид уулзалтын үеэр мөн хоёр улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн эхэлсэн Торт-Кочо бүсэд очсон байна. 


Хэлэлцээнд Киргизийн Баткен муж, Тажикистаны Согд мужийн захирагч нар, мөн хоёр улсын хилийн алба, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцжээ.


Пүрэв гарагт Киргиз, Тажикистаны хилчдийн хооронд буудалцаан болсон байна. Киргизийн хилийн албанаас мэдээлснээр, Тажикистаны цэргүүд гранат, мина харвагч ашиглажээ. Киргизийн Исфана, Баткен хотыг холбосон замыг Тажикийн цэргүүд хаасан нь мөргөлдөөн эхлэх шалтгаан болсон байна. 


Киргиз, Тажикистаны хил нь үе үе нутгийн оршин суугчид болон хилийн цэргүүдийн хоорондох мөргөлдөөний бүс болдог. Хоёр улсын 970 км урт хилийн шугамын бараг тал нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нарийн тогтоогдоогүй үлдсэн нь сүүлийн 30 орчим жилийн турш маргаан зөрчлийн үндэс болсоор иржээ.


Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлчээр мөн л ийм  нутагт  болсон оршин суугчдын зөрчил хоёр улсын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Тухайн үед Киргизийн талаас 36 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан бол Тажикистаны тал 19 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж шархадсан гэж мэдээлжээ. Түүнчлэн 300 гаруй байшин, дэд бүтцийн байгууламжууд сүйдсэн эсвэл шатсан байна. Талууд дөрөвдүгээр сарын 30-ны орой гэхэд эвлэрч чаджээ.


Холбоотой мэдээ