Канадад “омикрон”-ы дэд хувилбарын 51 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-01-27 18:01:52

ОТТАВА. /Xinhua/. Канадад коронавирусний “омикрон” хувилбарын BA.2” дэд хувилбараар халдварласан 51 тохиолдол илэрсний дийлэнх нь хилийн чанадаас ирсэн хүмүүс байгаа талаар тус улсын “CTV” телевиз лхагва гарагт мэдээлжээ. 


Өнгөрсөн оны 11 дүгээр сард анх илэрсэн “BA.2” нь халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын дэд хувилбар бөгөөд лхагва гаргийн байдлаар наад зах нь 40 улс оронд илрээд байна.


Канадад бүх хувилбарыг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд Засгийн газар вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг “COVID-19” болон түүний хувилбаруудын тархалтыг бууруулах гол хүчин зүйл гэж үзэж байгаа ажээ. 


“Омикрон” хувилбарыг “BA.1, BA.1.1, BA.2”, BA.3” гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлоод байгаа юм.


Түүнээс “BA.2”-ыг “омикрон”-ы анхны хувилбараас илүү “нууцлагдмал” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь генетикийн зарим шинж чанар нь илрүүлэхэд илүү хүндрэлтэй болгож байгаатай нь холбоотой байна. Зарим судлаачдын хувьд уг дэд хувилбар нь илүү хурдан халдварладаг байж болзошгүй гэж үзэж байна. Мөн зарим газарт “BA.2” хурдацтай тархаж буй байдал ажиглагдсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.


Судлаачдын мэдээлж байгаагаар “BA.2” нь маш олон удаа мутацид орсноос 20 орчим нь өргөс уураг дээр явагджээ. Түүгээр ч зогсохгүй анхны хувилбарт ажиглагдаагүй генетикийн нэмэлт өөрчлөлтүүд харагдсан байна.


Данийн эрдэмтдийн эхний шатны дүн шинжилгээгээр “BA.2” болон анхны “омикрон”-оор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтэд ямар нэгэн ялгаа ажиглагдаагүй байна. Гэхдээ дэд хувилбарын халдварлах чадварыг, мөн одоогоор хэрэглэж буй вакцинууд түүний эсрэг хэрхэн үйлчлэхийг үргэлжлүүлэн судалж байна. Үүнээс гадна “COVID-19”-ийн эмчилгээнүүд хэрхэн үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, “BA.2” нь “BA.1”-тэй олон талаараа ижил төстэй ч халдварлах чадвар, илрэх байдал, дархлаанаас зугтаж болзошгүй мутациудаараа ялгаатай байна. Гэвч одоогоор цуглуулаад байгаа нотолгоонууд нь хоёр дэд хувилбарын ялгааг үнэлэхэд хангалтгүй байгаа тул дотоодын тохиолдлуудыг хянаж, хилийн чанад дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судлах ажээ.


Канадад лхагва гарагт COVID-19” халдвар 10410 хүнээс шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 2 971 462-т хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 33134 хүн халдварын улмаас нас барсан байна. 

Холбоотой мэдээ