Хөвсгөл нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байна

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-01-25 16:48:47

 Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 60-65 см байгаа нь олон жилийн дундаж зузаанаас 10-15 см-ээр нимгэн байна.  

Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голын ажиглалт хийдэг хэсэгт халиа тошин гүйсний улмаас мөс зузаарч, мөсний зузаан 105-135 см болсон бөгөөд нийт уртын дагууд харилцан адилгүй байна. Харин Сэлэнгэ мөрөнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд зайр хахаж гол хадаалсны улмаас овоорсон мөс бүхий мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 55 см болсон нь олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Мөн зарим газраар харзтай болжээ.

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий, Эг зэрэг томоохон голын мөсний зузаан 20-110 см болсон бөгөөд олон жилийн дунджийн орчим байна. Нуурын зарим хэсгүүдэд буюу Хатгалаас Жанхай орох замд Живаагийн хил, Мэргэний үзүүрээс цааш 1 км орчимд хар хил гарсан байна. Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байх, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ