"King Tug" Н.Төгсцогт, “Цөлийн шуурга”-тай тулалдаж тэнцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-23 15:45:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга асан "King Tug" Нямбаярын Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчтэйгөө хүч тэнцлээ.

 

Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээр 14 тулаан хийн 12 ялж /9КО/, хоёр ялагдсан амжилттай яваа бөгөөд түүний энэ удаагийн өрсөлдөгч "Цөлийн шуурга" / Desert Storm/ хочит Намиби улсын боксчин Сакариа Лукас байв. Тэдний тулаан 10 үе үргэлжилсэний эцэст тэнцсэн байна. Тулааныг шүүсэн гурван шүүгчийн нэг нь 95-95-аар тэнцүүлж, хоёр дахь шүүгч нь 96-94 оноог монгол тулаанчид, нөгөө нь 96-94 оноог африк тулаанчид өгсөн юм.

 

Н.Төгсцогт болон Сакариа Лукас нарын тулаан АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino, spa" цогцолборт болсон бөгөөд энэ үдшийн Co-main event юм.

 

Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ын дэлхийн аварга, 34 настай Гэри Рассель /Gary Russel/, /31 ялалт, 1 ялагдал/ болон ганц ч ялагдаагүй яваа Филиппиний боксчин 27 настай Марк Магсао /Mark Magsayo/ /23-0/ нарын хооронд тулаан болж, 7 жил эзэмшсэн аваргын бүсээ Филиппин залууд алдлаа.

 

Ташрамд дуулгахад, Н.Төгсцогтын өрсөлдөгчөөр АНУ-ын боксчин , Виктор Пасильяс байсан ч тэр коронавируст халдвар авсан учраас тоглох боломжгүй болж, зохион байгуулагчдаас "Цөлийн шуурга"-тай тулалдуулсан юм.



Холбоотой мэдээ