Сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлэг дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-21 15:45:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб өчигдөр орой хуралдаж, "Ковид 19" цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын тохиолдлын удирдлагын багуудыг идэвхжүүлж, ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Аймгийн 13 суманд шүлхийн голомт үүссэн ба өнөөдрийн байдлаар 814543 малыг вакцинд хамруулаад байна. Вакцины нөөц улсын хэмжээнд дууссан тул ОХУ-аас 2.5 сая малд хүрэлцэх вакциныг татан авах ба үүнээс тодорхой хувийг Архангай аймагт хуваарилах ажээ. Мөн Цагдаагийн газар, Тагнуулын  хэлтэс хамтран шүлхийн вакциныг хууль бусаар зарахыг завдсан иргэдийг шалгаж байгаа аж.

АОК-ын хурлаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаа тул сум бүрт 30-аас дээш ортой тусгай эмнэлгийг дэлгэх чиглэлийг өглөө.

Ташрамд, хот хоорондын болон орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэв. 

Холбоотой мэдээ