Шинэ засаг дарга Төрийн ажилд ташуур болж ажиллахыг сэтгүүлчдээс хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-20 15:19:02

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өнөөдөр аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй өглөөний зоог барьж, зангиагүй уулзалт хийв.

Тэрбээр, ажлаа авсан анхны өдрүүддээ Хэвлэл мэдээллийнхнийг цохож уулзан санаа бодлоо хуваалцан, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө.

Засаг дарга хэлэхдээ, “Аймаг орон нутгийн мэдээллийг цаг тухайд нь чанартай бэлдэн түгээхэд хамтарч ажиллана. Мөн та бүхэн намайг төдийгүй, алив эрх мэдэлтэн, албан тушаалтаны буруу үйл ажиллагааг эрэн сурвалжилсан, баримт нотолгоотой мэдээлэл бэлтгэхээсээ бүү хойш суугаарай. Төрийн ажилд ташуур болж ажиллаарай” хэмээн онцолсон. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн төсвийг урьд урьдынх шигээ олон шат дамжлагаар бус салбар зөвлөлөөр дамжуулан хуваарилдаг байх нь зүй гэж бодож буйгаа хэлсэн.

Сэтгүүлчид ч тулгамддаг асуудал, ажил үүргээ гүйцэтгэхэд гардаг бэрхшээлүүдээ илэн далангүй ярив. Залуу сэтгүүлчдийг дэмжих, тэдний орон байртай болоход нь зээлд хамруулах байдлаар туслах, хэвлэл мэдээллийн нэгдсэн төвтэй болох асуудал яригдсан бол төрийн байгууллагуудын хүнд суртал, мэдээллийг өгөхөөс зайлсхийх, төвөгшөөх зэрэг үйлдлүүд гаргадгийг Засаг даргад “донгодсон”. Харин Засаг дарга, Тус байдлыг таслан зогсооно. Та бүгдэд мэдээлэл өгөхөөс цааргалах бус дуудаж, эсвэл хүрч очиж мэдээлэл өгдөг, хувь хүн болон төрийн нууцтай холбоотой мэдээлэл биш бол ил тод, нээлттэй байж хэвшүүлэхэд онцгой анхаарна гэв.

Холбоотой мэдээ