Хаврын чуулган хүртэлх хугацаанд тойрогтоо ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-20 22:08:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2022 оны хаврын ээлжит чуулган хүртэлх хугацаанд УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн тойрогтоо ажиллахаар төлөвлөжээ.
Тэрээр тойргийнхоо иргэдтэй уулзалт зохион байгуулж УИХ-аар хэлэлцсэн хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийнхээ санал бодлыг сонсох, аймгийнхаа 89 багт хүрч ажиллах ажлыг ”Ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж зохион байгуулна гэв. Үүнчлэн Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны төлөвлөгөөт ажил, Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгааны ажлуудыг орон нутагт зохион байгуулахаар боллоо.
Энэ сарын 18-ны өдөр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, хаалтын хуралдаанаа хийлээ. Энэ хугацаанд УИХ-ын Байнгын хороод 97 удаа, Дэд хороод 5 удаа, Түр хороод 9 удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцсэн байна.
Холбоотой мэдээ