Өмнөговиос Улсын аварга саальчин төрөн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-27 18:31:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Улсын аварга саальчин төрөн гарлаа.
Тус аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн тэмээчин Даваадоржийн Алдарцэцэг ийнхүү хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлжээ. Д.Алдарцэцэг нь тэмээн сүргийн ашиг шим, таваарлаг чанарыг сайжруулан, жилдээ 8тн сүү цагаан идээг боловсруулан ажилласан байна. Саасан сааль сүүгээ байгууллагуудад гэрээгээр нийлүүлэхээс гадна, аймаг орон нутгаас зарласан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог ажилсаг бүсгүй юм. Тэрээр төллөсөн ботгоо 100 хувь бойжуулан, 2019 онд МҮОНР-ийн "Алтан ботго"-ны эзэн болж байсан билээ. 2021 онд 154 ингэнээс ботголох ээлжний 50 ингэнээс 50 ботго бойжуулсан байна.
Хөдөө аж ахуйн ахмад ажилтнуудын хэлж байгаагаар Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Өмнөговь аймгаас "Улсын аварга саальчин" төрөн гараагүй аж.
Мөн Өмнөговь аймгаас Монгол Улсын сайн малчнаар дөрвөн малчин тодорлоо. Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв нар Улсын аварга малчин болжээ.
Холбоотой мэдээ